"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 28 дахь дугаарын тойм

  2014-07-28 00:00  276

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Зарлигаар, хөдөөгийн малчин өрх гэр бүлдээ 6 настай хүүхдээ харж асрах, аж ахуйгаа эрхлэх амьдралын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 1 дүгээр ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагчийн сонголтод суурилан гэр бүлд нь түшиглэсэн, дүйцсэн хөтөлбөр, хувилбарт хэлбэрээр зохион байгуулахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгожээ.

Мөн хөдөөгийн сургуулийн дотуур байранд амьдран сурч буй бага насны хүүхдийн сурах, хөгжих таатай орчныг бий болгохтой холбогдуулан тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Үүнд зургаан настай хүүхдэд сургалт, хөгжил, сэтгэл зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчтай харилцах хүүхэд хөгжлийн багш болон дотуур байранд суух зургаан настай хүүхдийг эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш ажиллуулах асуудлыг орон нутгийн нөөц бололцоог ашиглан шийдвэрлэх арга хэмжээ авахыг чиглэл болгожээ.

“Орон нутгийн ипотекийн зээлийн ерөнхий журам”-д ямар нэмэлт, өөрчлөлт оруулсныг эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоос мэдэх боломжтой.

Үүнээс гадна “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталсан байна.

Үүгээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх зарчим, түүний хамрах хүрээ, дотоод хяналтыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, тавигдах шаардлага, дотоод хяналтыг зохион байгуулах нэгж, ажилтны эрх, үүргийг тодорхойлсны зэрэгцээ дотоод хяналтын ажилтан, гэрээт байгууллага нь ямар эрхтэй байх, дотоод хяналтыг ямар чиглэлээр зохион байгуулах, хүлээх хариуцлага гэх зэрэг асуудлыг журамлажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 09:23  276