“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 30 дугаарын тойм

  2020-08-20 11:48  42


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн хамт бүрэн эхээр нь нийтэллээ. Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх“ төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлснээр ДЦС-3 үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр болжээ. Төсөл хэрэгжсэнээр дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100 Гкал/ц-аар нэмэгдэж, ингэснээр ДЦС-4 ХК-ийн 10а магистраль, Ф1200мм-ийн сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-3-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 3 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлнэ.      Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ.

    Мөн Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай,   Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг,   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой танилцах боломжтой.

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Журам батлах тухай тогтоолуудыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн. Тухайлбал, Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам”-аас сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрхэн шалгаруулах, санхүүжүүлэх хөрөнгийн тайлагнал, ил тод байдалд хяналт хэрхэн тавих талаар дэлгэрэнгүй танилцах боломжтой бол “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам” -аар журмын хамрах хүрээ, зээлийн төлбөрийн дүн, түүнийг төлөх санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болох хугацаа, зээлийн гэрээг хэрхэн шинэчлэх талаар мэдээлэл авна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2020-08-13 16:18  42