Цэс

Холбоо барих

Хуулийн төслийг эцэслэн баталж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 21 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.

Намын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл олонхийн дэмжлэг аваагүй тул уг зарчмын зөрүүтэй саналыг дахин босгох шаардлагатай байна. Тэгэхгүй бол хууль хэрэгжих хугацаа тодорхойгүй үлдэх гээд байна гэсэн горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэн тул Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол гишүүдийн 85 хувийн саналаар дэмжигдлээ.

Ингээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 87.2 хувь нь дэмжиж, хуулийн төслүүд батлагдлаа.  

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулга хийсэн юм.


Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна. Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмж хамруулан, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна. Иймээс төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байгааг Ерөнхийлөгчийн хоригт дурдсан байна.

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан. Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт  “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой. Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байна гэж Ерөнхийлөгч үзэж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулав.


Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Д.Тогтохсүрэн нар танилцуулсан юм.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар хариулт өгөв. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, сүүлийн дөрөв таван жилд манай улс төсвөөс гадуур олон данстай, тэдгээрээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байснаас дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал ойрын жилүүдэд 12.9-17.8 хувьтай байхаар байсан. Харин төсөвт тусгагдаагүй явж ирсэн эдгээр олон данс, төсөл, хөтөлбөрийг нэгтгэж Монгол Улс нэг төсөвтэй болсноор төсвийн алдагдлыг өнгөрсөн оныхоос 1.5 хувиар буюу 400 гаруй тэрбум төгрөгөөр буулгаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувь байхаар тооцож баталсан. Төсвийн орлого, зарлагын зөрүү 2.4 их наядын алдагдлыг бууруулах нь амар асуудал биш. Иймээс Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргадаг, арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг явдлыг цаашид зогсоож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцлов. Түүнчлэн хоригт Улсын Их Хурал улсын нэгдсэн төсвийг баталдаг юм шиг буруу ойлголттой, агуулгын алдаатай, зөрүүтэй тоо баримт авч оруулсан зэрэг алдаа мадагтай зүйл дурдагдсан байна гэдгийг нэмж дурдлаа.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Н.Учрал, Я.Содбаатар, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 42 нь буюу 82.4 нь дэмжиж, энэ талаарх тогтоолыг баталлаа.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн 10 дугаар сарын 27, 31-ний өдрийн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа хийлээ. Тус Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган найруулга, үг хэллэгийн зарим засвар оруулжээ. Мөн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Н.Учрал нар Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авсан юм. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 11 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэсэн агуулгатай 11.2 дахь хэсгийг шинээр нэмэх, төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагын хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэнээс тус тус авна” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Мөн төслийн 55 дугаар зүйлд “Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэсэн агуулгатай 55.3 дахь хэсгийг нэмэх, төслийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Түүнчлэн хуулийн төслийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг “Төрийн албан хаагч хуульд заасны дагуу дүрэмт хувцас хэрэглэж болно” гэж өөрчлөн найруулах, төслийн 66 дугаар зүйлд “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэсэн агуулгатай 66.1.1 дэх заалт нэмэх саналыг гишүүдийн олонхи нь дэмжив.


Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 20 гаруй хуулийн төслийг эцэслэн батлав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, энэ хуулиар төрийн албаны чадахуйн буюу мэрит зарчмыг бүрэн нэвтрүүлж, улс төрөөс ангид, хараат бус, тогтвортой байдлыг хангах зохицуулалт жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ үндсэн дээр төрийн албан хаагчдыг ажлын туршлага, үр дүн, ажилласан жилийг нь харгалзан шатлан дэвшүүлж ажиллуулдаг байх тогтолцоо хэрэгжих юм. Хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилттэй олон чухал заалт зохицуулалт тусгагдсан. Иймээс хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж, санаачлагатай ажиллах шаардлагатайг Төрийн албаны зөвлөл, төрийн бүх шатны байгууллагуудын удирдлагуудад сануулаад хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж батлуулахад оролцож ажилласан Ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын нийт гишүүдэд талархал илэрхийллээ.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаагн завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл