Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Үндэсний статистикийн хороотой хамтран УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ.
“Хэрэглээний үнийн индекс тооцох арга зүй” сэдвээр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан энэ удаагийн сургалтыг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Батсүх удирдан явууллаа.
Сургалтад УИХ-ын Тамгын газрын 32 ажилтан хамрагдаж, хэрэглээний үнийн мэдээний талаарх ерөнхий ойлголт, хэрэглээний үнийн индексийг тооцохын ач холбогдол болон түүнийг хэрхэн тооцох арга зүйд суралцав.
Энэхүү сургалт нь УИХ-ын Парламентын судалгааны хүрээлэнгээс Үндэсний статистикийн хороотой хамтарсан тав дахь удаагийн сургалт боллоо.
Өмнөх сургалтуудыг “Статистикийн мэдээллийн үйлчилгээний төрөл, статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn вэб сайтын статистикийн тоон мэдээллийг ашиглах, анхаарах зүйл”, “Дотоодын нийт бүтээгдэхүүний тухай ойлголт, Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох арга зүй”, “Бизнес регистрийн сангийн статистикийн мэдээ, хэрэглээ, ач холбогдол”, “Эдийн засгийн салбарын статистик мэдээний хэрэглээ, ач холбогдол” зэрэг сэдвээр зохион байгуулсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.