УИХ-ын дарга М.Энхболдод БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь бараалхлаа

  2017-05-08 14:16  663

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

УИХ-ын дарга М.Энхболд Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, айлчлал амжилттай болж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  

Түүнчлэн хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлоод, парламент дахь найрамдлын бүлгүүд, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэ онд БНСВУ-ын Үндэсний ассамблейн Аюулгүй байдал, батлан хамгаалах байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчдийг айлчлуулахад бэлэн байна гэв.

            Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, үүний тулд байгаа боломжийг бүрэн ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Найрсаг зочломтгой Монгол Улсад айлчилж байгаадаа нэн баяртай байна. Монгол Улсын хөгжил цэцэглэлт, монгол түмний амьдрал ахуйг нүдээр үзэж, биеэр танилцах сайхан боломж олгосонд Монголын төр засаг, ард түмэнд гүнээ талархъя” гэлээ.

Тэрбээр БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжлав.

Хатагтай Данг Тхи Нгок Тхинь “Манай хууль тогтоох дээд байгууллага Үндэсний ассамблей 70 гаруй жилийн түүхтэй. 494 гишүүнтэй. 2016 оны тавдугаар сард Үндэсний ассамблейн 14 дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Парламентын гишүүдийн 17.3 хувийг үндэсний цөөнх, 26.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг” хэмээн танилцуулаад “Сүүлийн жилүүдэд манай хоёр орны уламжлалт харилцаа бүхий л түвшинд, ялангуяа хууль тогтоох байгууллагууд, Тамгын газруудын хооронд амжилттай өргөжиж буйд баяртай байна. 2015 онд манай Үндэсний ассамблейн дэд даргын Монгол Улсад хийсэн айлчлал энэ харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон” гэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийснээ дурдаад аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцаа, ялангуяа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсанаа дуулгав.


Хатагтай  Данг Тхи Нгок Тхинь “Хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаа боломж нөхцөлийг бүрэн дүүрэн ашиглах талаар Тантай санал нэг байна. Миний айлчлалын бүрэлдэхүүнд Вьетнамын 20 гаруй томоохон бизнесмэн ирсэн. Тэд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар монгол нөхөдтэйгээ амжилттай яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд хоёр улс бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны механизмуудад харилцан бие биенийг дэмжихийн чухлыг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн БНСВУ-ын Үндэсний ассамблейн даргад хариу талархал илэрхийлээд, “Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээ бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны харилцаа олон жилийн уламжлалтай боловч, хэмжээ далайц нь санасанд хүрэхгүй байна. Тантай хамт ирсэн бизнесийн төлөөлөл Монголын бизнесмэнүүдтэй танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцож, энэ салбарын идэвхтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэгт эргэлзэхгүй байна. Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүд хэрэгжүүлэх, соёлын болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг солилцох, хоёр орны түүх, соёлын онцлогийг харилцан сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэн чухал юм” хэмээн онцлов.

Тэрбээр хоёр орон олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, Монгол Улсын АПЕК-т элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох сонирхолд Вьетнам Улс цаашид ч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Түүнчлэн “Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Вьетнамын Коммунист Нам, Монгол Ардын Намын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг их. МАН-ын даргын хувьд ВКН-ын удирдлагад мэндчилгээ дэвшүүлж буйг минь уламжилж өгнө үү” гэлээ.

Хатагтай Данг Тхи Нгок Тхинь ашигт малтмал, газрын тосны салбарт хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэхэд Вьетнамын тал бэлэн байгааг тэмдэглээд, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын түвшинд бие биеийг дэмжиж, дэлхий дахины энх тайвны үйлсэд хамтын хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны бизнесийнхэн болон төрийн яамдын төлөөлөгчид санал бодлоо солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон сайхан тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байна гээд “Бодит, ажил хэрэгч санал санаачилга, хамтын ажиллагааны харилцан ашигтай аливаа гэрээ, хэлцлийг Монгол Улсын Их Хурал дэмжихэд ямагт бэлэн байх болно” хэмээн тэмдэглэж, хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ий айлчлалд амжилт хүсэв.

Бараалхалтад БНСВУ-ын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Жү Ван Ием, Гадаад хэргийн дэд сайд Ха Ким Нгок, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд сайд Дао Куанг Тхү, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Ху Тхи Ким Тхоа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Нгуен Чонг Дам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Ле Куок Зоань, Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүн Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    

      


  2017-05-08 14:16  663