УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 90 хүүхдийг оролцуулсан “Өсвөрийн парламент” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Уг хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой.
Өнгөрсөн бямба гарагт /2021.11.20/ Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан тус хөтөлбөрт оролцогчид, сургагч багш нар, сайн дурын ажилтнуудын төлөөлөл оролцсон “Парламентын боловсрол – Өсвөрийн парламент” өглөөний уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцов.
Уулзалтыг нээж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Өсвөр насны багачуудаасаа эхлээд нийт иргэд нь төрийг удирдах үйл хэрэгт эрх тэгш оролцох учиртай. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж томьёолсон. Хууль тогтоох үйл ажиллагаанд хүүхдүүд та бүхнийг оролцуулахын тулд парламентын болон эрх зүйн боловсрол олгох зайлшгүй шаардлага тулгарч байна. “Өсвөрийн парламент”, “Парламентын боловсрол” хөтөлбөрүүд үүнд тус болно гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд маань сурсан мэдсэн зүйлсээ үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэхээс гадна УИХ-ын Тамгын газрын хамт олон бидэнтэй ямагт хамтран ажиллаж, санал бодлоо хуваалцаж байхыг хүчээнгүйлэн хүсье” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.
“Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцогчид, сургагч багш нар парламентын үйл ажиллагаа болон тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдлын эсрэг үеийнхэндээ ойлголт, мэдлэг өгөхөөс эхлээд үлгэрлэн дагуулахуйц бүтээлч ажил, санаачилгуудыг хэрэгжүүлсэн талаар ярилцлаа. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нараас сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.
“Элит” олон улсын сургуулийн сурагч н.Гарьд “Өсвөрийн парламент” хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэлэг шийдлүүдийг хайх зорилгоор нийт хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлж, үндэсний хэмжээний сайн туршлагыг олон улсын түвшинд гаргах үүд хаалгыг нээж өгсөн гэж хэлмээр байна. Шилдэг, шилмэл гэхээс илүүтэй бодит өөрчлөлтийг бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй хүүхэд залуусыг энэ хөтөлбөр эгнээндээ нэгтгэж чадсан гэж би үзэж байна. Бид нөлөөллийн чиглэлээр олон нийтэд хүрсэн ажлуудыг хийж байгаа. Аймаг, дүүргийн оролцогчид маань уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон сайхан ажлуудыг амжилттай зохион байгуулсаар байна” гэв.
Оролцогч хүүхдүүд бие биеэсээ суралцан, асуудлыг илүү бодитоор харж, шинэлэг шийдлийг дэвшүүлж байгаа бөгөөд олон талт оролцооны хэлбэрийг чухалчилсан зөв тэмүүлэл, эерэг төлөвшилтэй ирээдүй үеийн төлөөлөл юм гэдгийг сургагч багш нар онцолж байв. Цаашид парламентын боловсролыг системтэйгээр олгож, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоох мэдлэгтэй, бүтээлч, өрсөлдөхүйц шинэ үеийг бэлтгэх нь нэн чухал гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэв.
Түүнчлэн Боловсролын шинэчлэлийн хүрээнд шинээр боловсруулсан багц хуулийн төслөөр орон даяар цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах тул уг хуулийн төсөлд хүүхдүүдийн санал бодлыг сонсож, нэгтгэн тусгах зорилтот ажлуудыг гүйцэтгэхээр уулзалтын үеэр товлолоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.