“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарын тойм

  2018-01-09 15:10  209

Эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.


Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

Төрийн албаны зарчим, стандарт, төрийн албан тушаалын ангилал, төрөл, төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлага, төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журам, төрийн жинхэнэ албаны шалгалт, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх, үүрэг, хориглох зүйл, ёс зүйн хэм хэмжээний талаар хуульд хэрхэн заасан талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

Мөн Төрийн албаны тухай хуулийн хамт батлагдан гарсан Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг 20 хуулийг нийтэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр заасан бөгөөд яамны Төрийн нарийн бичгийн даргыг улируулан томилж болох аж.  Мөн хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр заасан байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг нийтэлсэн бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлж байгаа юм.

Мөн дугаарт Төрийн албаны тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-01-10 15:10  209