Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.23) хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хийв.
Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хороо 2021 оны 9 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ажлын хэсэг хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлсэн болохыг С.Чинзориг гишүүн танилцуулгадаа дурдсан. Тодруулбал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …, Засгийн газрын … үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;” гэж, 6.10.2-т заасан “санхүүжилтийн баталгаат эх үүсвэртэй, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан тухайн жилд хэрэгжих төсөл, арга хэмжээний задаргаа байх” гэж тус тус заасантай нийцүүлсэн байна.
Төслийн хавсралтад эшлэсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох зорилтууд болон “Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний холбогдох заалтуудыг төслөөс хасч, “Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох зорилтуудыг эшлэх өөрчлөлтийг хийсэн байна. Төслийн хавсралтын “Зорилт, арга хэмжээ” гэсэн 3 дугаар баганыг хуульд нийцүүлэн “Төсөл, арга хэмжээ” гэж өөрчилж, түүний хүрээнд дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичигт заасан тэр хэвээр тавьсныг тухайн зорилтод хүрэхийн тулд 2022 онд хэрэгжүүлэх тодорхой төсөл, арга хэмжээ болгон өөрчилжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Тогтоолын төслийн хавсралтын ““Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого” гэсэн Нэгдүгээр бүлгийг “1.1.1 Монгол Улсад тархаж буй коронавируст халдварын геномын дараалал, бүтцийг тодорхойлох, вакцинжуулалтын дараах дархлаа тогтцын байдлыг үнэлж дархлаа тогтох хугацааг тодорхойлох: 1.1.3 Зоонозын өвчин судлалын төвийг 2 аймагт байгуулах; - хил дагуух 10 боомтод тандалтын нэгж байгуулах; 1.1.4 Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эм эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийн агуулах шинэчлэн барих барилгын ажлын явцыг эхлүүлж, 30 хувьд хүргэх; 1.1.5 Таван аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвийг полимеразын гинжин урвалын шинжилгээ хийх төхөөрөмжөөр хангаж, ашиглалтад оруулах; 1.1.6 Ерөнхий боловсролын 100 сургуульд сургалтын удирдлагын системийг нэвтрүүлж, цахим хичээлийн санг сонголттойгоор бүрдүүлэх.” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив.
Төслийн хавсралтын “Хүний хөгжлийн бодлого” гэсэн Хоёрдугаар бүлгийн төсөл, арга хэмжээг “2.1.1 Зүрх судасны төвийн барилгын ажлыг эхлүүлэх; 2.1.2 -Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүлэх; -Төв ашиглалтад ороход шаардлагатай нөөцийн тооцоолол хийх; 2.1.3 Сүрьеэгийн эмнэлэгийн барилгын ажлыг эхлүүлэх; 2.1.4 Геронтологийн төвийн барилгын ажлын явцыг 70 хувьд хүргэх; 2.1.5 Орон нутагт яаралтай тусламжийн 10 цэг байгуулах; 2.1.6 Баянзүрх дүүрэгт барих 300 ортой эмнэлэгийн барилгын зураг төсвийг хийж, барилгын ажлыг эхлүүлэх; 2.1.8 Эрүүл мэндийн салбарын 26 байгууллагад мэдээллийн сүлжээний дэд бүтэц бий болгох; 2.1.9 Эрүүл мэндийн байгууллагын 50 хувьд мэдээлэл солилцооны платформ нэвтрүүлэх; 2.1.10 Лавлагаа шатлалын 4 эрүүл мэндийн байгууллага, 15 аймгийн А зэрэглэлийн сумын эрүүл мэндийн төвд телемедицин нэвтрүүлэх; 2.1.13 Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн хамрагдалтыг нэмэгдүүлэх; 2.1.15 Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн аюулгүй байдлын цахим бүртгэл, хяналтын нэгдсэн програм хангамж нэвтрүүлэх; 2.1.16 Нянгийн тэсвэржилтийн сүлжээнд бүх аймгийн нэгдсэн эмнэлэгийг холбож, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх; 2.1.17 Эм, эмнэлэгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэдэг болоход түүхий эдийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэх; 2.1.18 Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын сүлжээг бий болгон, чадавх бэхжүүлэх; 2.1.22 “Хавдрын эсрэг” арга хэмжээг эхлүүлж, хүн амын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээ зохион байгуулах; 2.1.23 “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж элэгний делта /Д/ вирустэй иргэдийг эмчилгээнд хамруулах; 2.1.25 Лавлагаа шатлалын 11 эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн чадавхыг сайжруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангах.” хэмээн тус тус өөрчлөн найруулахаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Төслийн хавсралтын “Бүлэг 2”-ын “Зорилго 2.3”-ын “Төсөл, арга хэмжээ” баганад харгалзах төсөл, арга хэмжээг “2.3.1 Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөдөөгийн 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байрыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах; 2.3.3 Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, гэр бүлэг 50-ийг нийлүүлж, хувилбарт сургалтад 500 хүүхэд нэмж хамруулж, 24 цагийн 10 бүлэг нээж 250 хүүхдийг нэмж хамруулах; 2.3.7 Бага, дунд боловсролын чанарын болон суралцагчийн сургалтын ахиц, дэвшлийн үнэлгээг тогтмол хийж, хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах; 2.3.13 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг ялгаатай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшүүлж, цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах; 2.3.14 Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, сургалтын орчныг бүрдүүлэхэд бүх шатны байгууллагад дэмжлэг үзүүлэх; 2.3.15 Сонгинохайрхан дүүрэгт сувиллын цэцэрлэг, сургуулийн барилгын ажлыг шинээр, 25, 63 дугаар тусгай сургуулийн барилгыг өргөтгөх ажлыг эхлүүлэх; 2.3.17 Боловсролын цахим шилжилтийн хүрээнд боловсролын салбарын мэдээллийн систем, тоног төхөөрөмж, дэд бүтцийг үе шаттай сайжруулж, цахим сургалтын нэгдсэн сургалтын платформыг хөгжүүлэх; 2.3.23 Дээд боловсролын чанарын тогтолцоо, судалгааны чадавхыг олон улсын жишиг, туршлагад үндэслэн сайжруулж, эрх зүйн орчныг шинэчлэх.” гэж өөрчлөн найруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Төслийн хавсралтын “Бүлэг 3”-ын “Зорилго 3.4”-ийн “Төсөл, арга хэмжээ” баганад харгалзах төсөл, арга хэмжээг “3.4.3 Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажлын явцыг 80 хувьд хүргэх; 3.4.4 Олон улс, улсын чанартай авто замын дагуу түр зогсох талбайг 100 км тутамд барьж байгуулах ажлыг эхлүүлэх.” хэмээн өөрчлөн найруулахаар болов. Төслийн хавсралтын “Бүлэг 3”-ын “Зорилго 3.5”-ын “3.5.4 Дулааны хоёрдугаар цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн хийн цахилгаан станц барих суурь судалгаа хийх; 3.5.5 Чойр-Сайншанд чиглэлийн 230 км урттай 220 кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлыг эхлүүлж, ажлын явцыг 50 хувьд хүргэх; 3.5.6 Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл (салхины цахилгаан станцын 2 төсөл 15 МВт, нарны цахилгаан станцын 4 төсөл 35 МВт) хэрэгжүүлнэ; 3.5.11 Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийг эхлүүлэх.” хэмээн өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн Эдийн засгийн байнгын хорооны гишүүд шийдвэрлэсэн.
Ийнхүү ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй 81 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа хуралдаанд оролцсон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.