Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа

  2017-03-23 12:31  870

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр (2017.03.23) Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон албаны бусад хүмүүс ажилласан.  

Улаанбаатар хотоос 30 гаруй км-т сүндэрлэн боссон нисэх буудлыг барьж байгуулсан төслийн нэгжийн захирал Б.Энхбат Улсын Их Хурлын даргыг дагалдан яваа хүмүүсийнх нь хамт угтан авч нисэх буудлын бүтээн байгуулалтын явц, бүтэц, үйл ажиллагааг танилцууллаа.



    Нисэх буудал барих ажил 2013 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд 100 хувь япон стандарт буюу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин үеийн дэвшилт байгууламж болжээ. Нисэх буудлын үдэх, угтах танхим ойлгомжтой зохион байгуулалттай ба одоогоор зургаан гарц баригдсан ч цаашид 20 хүртэл өргөжүүлэх боломжтой гэнэ. Мөн нисэх буудлаас зургаан онгоц зэрэг хөөрч болохоор төлөвлөжээ. Хоёр сарын өмнө байгууламжийг улсын болон техникийн комисс шалгахдаа хаалганы бариул солих, хазгай наасан ханын хавтанг засах зэрэг 1164 ажлыг гүйцээж хийх шаардлагатай гэсэн санал дүгнэлт гаргасан бөгөөд түүнээс хойш 900 гаруй ажлыг хийсэн, одоо дутуу байгаа 200 орчим ажлыг дуусвал төслийн нэгж хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлнэ гэсэн танилцуулгыг төслийн нэгжийн захирал Б.Энхбат хийсэн юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тэрбээр, Би УИХ-ын гишүүнээр Төв аймгаас сонгогдсон. Манай тойргийн томоохон бүтээн байгуулалтын ажил бол Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны энэ буудал юм. Буудал ашиглалтад орох хугацаа дөхөж байна. Монгол Улсын гадаадад гарах гарц, улс орны нүүр царай болох онцгой объект учир бүтээн байгуулалтын ажилтай нь танилцаж байна. Одоогоос 11 жилийн өмнө би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2006 оны гуравдугаар сард Япон Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдад олон улсын нисэх буудал барихад тусалж, дэмжих санал тавьсан. Үүнээс хойш дөрвөн сарын дараа Японы Ерөнхий сайд Ж.Коизүми манай улсад айлчлахдаа шинэ нисэх онгоцны буудал барих саналыг хүлээн авсан гэдгээ хэлсэн. Улмаар 2008 оны тавдугаар сард УИХ-аар зээлийн гэрээ соёрхон батлагдсан юм.


        Одоо Монголын талын санхүүжилтээр хийх зарим нэг ажил дутуу байгаа юм байна. Нисэх буудлын эрчим хүчний эх үүсвэрийг хангах станц барих зэрэг дутуу байгаа ажлуудын хөрөнгө санхүүг нь шийдвэрлэж, манай улсын зүгээс хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Санхүүжилтийг шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгнө. Тодорхой хувь нь улсын төсөвт туссан. Ажлыг эрчимжүүлэх, графикийн дагуу шуурхай хийхийг холбогдох яам анхааралдаа авсан байгаа.

        Одоогоор 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан ч нисэх буудлыг нислэгийн үйл ажиллагаанд бүрэн бэлтгэх шаардлагатай тул гэрээнд заасанчлан энэ 2017 онд багтаж ашиглалтад оруулах боломжгүй юм байна. Нислэгийн тоног төхөөрөмж суурилуулах, турших байгууламжийг тохижуулах ажлыг дуусгаснаар ирэх оны тавдугаар сар гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлж, зорчигч хүлээн авах боломжтой болно гэсэн мэдээллийг сая авлаа.

        Энэ нисэх буудлыг дагаад дагуул хот байгуулагдана. Миний бие 2012 оны зургаадугаар сард Шадар сайдаар ажиллаж байхдаа 80-100 мянган хүн амтай дагуул хот байгуулах ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулсан. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил өнгөрсөн дөрвөн жилд зогсонги байлаа. Одоо харин нэлээд ахиц гарах байх. Энэ онгоцны буудал ашиглалтад орсноор эхний ээлжинд 2000 хүн ажлын байртай болно. Хоёр мянган хүн Улаанбаатараас ажилдаа явна гэдэг хэцүү. Тиймээс дэлхийн аль ч улс оронд томоохон нисэх онгоцны буудлаа дагасан хот, тосгон байгуулдаг жишгийн дагуу бид ч дагуул хот босгох ёстой.

        Нисэх буудлыг барихын тулд манай улс Япон улстай хоёр удаа зээлийн гэрээ байгуулж, анх 40 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй 270 сая ам.долларын зээл авсан. Дараа нь төслийн явцаас шалтгаалж зээл нэмж авах шийдвэрийг 2015 оны Засгийн газар гаргаж, УИХ-аар батлуулж байсан.

        Удахгүй бид дэлхийн стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудалтай болно. Улс эх орноо гадаадад таниулах шинэ гарц нээгдэж байгаад таатай байна хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2017-03-23 12:31  870