Цэс

Холбоо барих

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2014 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 01 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХ АСУУДЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 01 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авч, нэн даруй шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нар шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж, Д.Лүндээжанцан нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах эрхийг түдгэлзүүлснээр шүүгдэгч, цагаатгагдсан этгээдийн эрх давхар түдгэлзэх учраас энэ хооронд хийдэл үүсч өнөөдрөөс эхлээд анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хүмүүсийн эрх нь хаагдах гээд байгааг анхаарах, Хүний эрхийг дордуулсан нөхцөл байдлыг үүсгэхээр бол Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахдаа түдгэлзүүлэх эсэх асуудлыг тодорхой хэлбэрээр цаашид зохицуулах нь зүйтэй юм гэсэн саналуудыг тус тус гаргаж байсан болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтад заасныг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасны “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах ... эрхтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6-д заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах шаардлагатай гэсэн саналыг гаргасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоол болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл