Цэс

Холбоо барих

ТБХ: Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.22) цахим хуралдаан 11 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.  

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг Очир, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуурамч шатахуун нь хүний эрүүл мэндэд  хэр хортой эсэх, эдийн засгийн хохирол нь нийгмийн аль хэсэгт илүү тусаж байгааг тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дайвар бүтээгдэхүүн гэдэгт хэдэн төрлийн бүтээгдэхүүн хамаарч байгааг, эдгээр бүтээгдэхүүнийг хэчнээн аж ахуйн нэгж оруулж ирж байгааг, хууль батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого орохыг илүүтэй лавлав.


    Сүүлийн үед хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хар тугалгатай холбоотой байдаг. Гэтэл нүүрснээс гарч байгаа хийнд хар тугалга бараг байхгүй ч автозамын гэрлийн шонгоос дээж авахад хар тугалга асар өндөр агууламжтай байдаг. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2020 онд түлш нефтийн хүнд фракц,  нафта, алкалит, керосин гэсэн 4 бүтээгдэхүүн нийтдээ  210 мянган тонн  орж ирсэн бөгөөд хувийн жинг нь 1х1 гэж тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам, доллараар хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог хэмээн хариулж байлаа.  

    Харин ажлын хэсгийн зүгээс 2015 оноос онцгой албан татварын хувь хэмжээг өндөр тогтоосноос хамаарч  онцгой албан татвар төлдөггүй газрын тосны зарим завсрын бүтээгдэхүүн болох нафта, керосин зэргийг их хэмжээгээр оруулж ирэх болсон. Эдгээр бүтээгдэхүүн хүхрийн агууламж өндөр учир экологи, агаар орчин болон хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн автомашин эзэмшигчдийн ашиглалтын зардлыг ихэсгэдэг талтай. Хуульд үүнтэй холбоотой хориглосон хязгаарлалт байхгүй болохоор дайвар бүтээгдэхүүнийг чөлөөтэй оруулж ирээд байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг хоёр аж ахуйн нэгж оруулж ирсэн байна гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.  

    Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


    Тухайлбал, төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж,  хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлд 4 дүгээр зүйлийн “4.1.5.Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”, “4.1.6.керосин” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн  4 дүгээр зүйлийг 2  дугаар зүйл болгон “Энэ хуулийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж, хуулийн төслийн нэрийг “нэмэлт өөрчлөлт” гэснийг “нэмэлт” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

    Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 


           
    Хуралдааны төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцаж, цаашид тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах  үүрэг бүхий  хамтарсан Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл