Цэс

Холбоо барих

ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ШҮҮГЧИЙН ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 01 дүгээрсарын 16-ны өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Р.Гончигдорж



Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,


Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад Шүүх байгуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбогдуулж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах, Хөвсгөл аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах, хүн амын нягтаршил, хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан сум дундын 8 дугаар шүүхийн Дорноговь аймгийн Иххэт сумыг сум дундын 29 дүгээр шүүхийн харьяалалд, сум дундын 8 дугаар шүүхийн Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумыг сум дундын 6 дугаар шүүхийн харьяалалд тус тус шилжүүлэх, захиргааны хэргийн анхан шатны 4 болон 12 дугаар шүүх /Орхон, Булган аймаг/, 7 болон 15 дугаар шүүх /Дархан, Сэлэнгэ аймаг/-ийг тус тус нэгтгэх зэрэг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж гарсан саналыг хэлэлцэн санал хураалт явуулж, олонхийн санал авсан эсэхээр нь бүлэглэн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар Та бүхэнд тараасан болно.



Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.



Анхаарал тавьсанд баярлалаа.





ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                            Ш.ТҮВДЭНДОРЖ


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл