Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлэв

  2016-08-23 01:00  585
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.08.23/ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүллээ. 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор … Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ ...” гэж заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулснаа ийнхүү Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй Ерөнхий сайд танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 4 үндсэн бүлэгтэй. 

Хөтөлбөрийн төслийн эдийн засгийн бодлогын бүлэг нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 1 дүгээр үе шатны зорилтууд, Эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар үе шатны зорилтоос бүрджээ. 

Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зөөлрүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл ажилласан байна. Ингэхдээ Улсын Их Хурлаас батлан гаргасан хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Монгол Ардын Намын ард иргэдэд танилцуулсан мөрийн хөтөлбөрт тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулан талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.
 
Хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

  2016-09-22 23:45  585