Цэс

Холбоо барих

“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов

    Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов.


    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ёслолыг нээж хэлэхдээ, “Үндсэн хуулийн ой бол Монголын нийт ард түмний бахархалт, тэмдэглэлт үйл явдал юм. Улсын Их Хурлаас Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан төлөвлөсөн арга хэмжээнүүдийг маркийн нээлтээр эхэлж байна. …Шуудангийн марк гэдэг бол аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа байдаг. Тусгаар улсууд л улсынхаа нэрийг тунхаглан зарласан марк гаргадаг. Нөгөө талаараа марк ард иргэддээ, ялангуяа хойч үедээ түүхийг өвлүүлэн ойлгуулдаг, таниулдаг мэдээллийг хадгалдгаараа ач холбогдолтой. Монгол маркийн 100 шахам жилийн түүхийн хугацаанд Үндсэн хуульд тусгайлан зориулсан марк гаргаж, нээх гэж байгаадаа туйлын баяртай байна. Энэ удаагийн маркийн загварыг гаргахдаа Үндсэн хуулийн түүхийг өгүүлэх олон эрхэм хүмүүс болоод марк сонирхогчдын саналыг авсны үндсэн дээр Үндсэн хуулийн онцлогоо тусган, хамтарч бүтээлээ” гэж тэмдэглэв.  


    Маркийн эх зургийн хөшгийг нээж, шинэ маркийг толилуулах ёслолыг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар гүйцэтгэв. Тэд мөн Монгол маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурж, тамгалснаар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой”  марк нь 1096 дахь сэдвийн шуудангийн марк, үнэт цаас болж буйг зарлалаа.  


    Маркийн зураачаар “Монгол шуудан” компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн зураач Г.Баттөр, дизайнерээр Ж.Ганхуяг нар ажиллажээ. 

    “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт энэхүү блок марканд Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг болсон Ардчилсан шинэ Үндсэн хуулийн анхны хэвлэмэл эхийг залсан ба чимэглэл хэсэгт мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон төрийн далбааны өнгөн дээр "гал мэт мандан бадарч, наран, саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билиг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя" гэсэн гүн утгатай алтан соёмбо тэмдэг, түүний доор "Монгол Улсын Үндсэн хууль" хэмээсэн үгийг эвхмэл бичгээр бичсэн байна. Маркийн нээлтийн ёслолд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын бага хурал болон Улсын Их Хурлын гишүүд болон марк судлаачид, маркийг хамтран бүтээлцсэн хүмүүсийн төлөөлөл оролцов.




  


  “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн марк нь Улсын Их Хурлын санаачилгаар бүтээсэн хоёр дахь марк юм. Өнгөрсөн жил Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Монгол Улс анх удаа парламентын буюу ард түмний төлөөллийн байгууллагын сэдэвтэй марк хэвлэж, дэлхий дахины хүртээл болгосон билээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл