Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 22 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн хамт батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг нийтэлсэн байна.


Мөн дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг нийтэлжээ.

Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолтой эмхэтгэлээс танилцах боломжтой. Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Уг тогтоолоор өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хамрагдах хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох болсон бөгөөд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн олгоход нэмж шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт  зохицуулалт хийж шийдвэрлэх, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчилж энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хамрах хүрээг тогтоох, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувийг хамруулах хүрээг буурахгүй байхаар тооцож, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох эх үүсвэрийг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Засгийн газарт чиглэл болгосон байна.

Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтэлсэн байна.

Энэхүү тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг хавсралтаар баталсан бөгөөд “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам бакалаврын хөтөлбөрт суралцагчийн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн байх гэсэн заалт нэмжээ. Журамтай эмхэтгэлээс бүрэн эхээр нь танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл