Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.12) үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Г.Ганболд, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлсэн.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд “Улсын Их Хурал тогтоолын төсөлд тусгасан хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Үндсэн хуульд харшилсан гэж холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт гарсан, санаачлагч гишүүд санал нэгдэн зөвшөөрсөн үндэслэлээр өөрчилж болно” гэж заасныг анхааруулаад хүний эрх, амьд явах эрх чөлөөтэй холбоотой эмийн аюулгүй байдал, хуулийн хэрэгжилтийг шалгах нь зайлшгүй чухал хэдий ч сэдвээ тодорхой болгож, нарийвчлах шаардлагатай байна гэв. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэсний дагуу тогтоолын төслийг буцаалаа.
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үргэлжлүүлэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа үргэлжүүлсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгийн гишүүдээс Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг дахин боловсруулж, Далайн захиргааны асуудлыг хуулийн төсөлд тусгагдсан хэлбэрээр нь хэвээр үлдээх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Ажлын хэсгээс далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагчийн эрхийг Далайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгохоор, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь байршил тогтоогч болон харилцаа холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар, хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны мөрдөх журмыг Далайн захиргаа баталдаг байхаар өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцааг олон улсын гэрээ, конвенцоор зохицуулах боломжтой гэж Ажлын хэсгээс үзсэн тул Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Хөдөлмөрийн тухай хуулийг эшлэсэн заалтыг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Мөн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулсныг санал, дүгнэлтдээ дурдав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсний дараа Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 34 саналын томьёолол бүрээр санал хураалтыг явуулав.
Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 5 дугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана” гэсэн 5.2 дахь хэсгийг нэмэх, төслийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Харин төслийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-оос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах.” гэсэн 6.3.15 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналд хуралдаан даргалагчийн зүгээс Төсвийн тухай хуультай нийцүүлж гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Мөн Ажлын хэсгээс төслийн 13 дугаар зүйлийг бүхэлд нь хасах, 16 дугаар зүйлд “Хөлөг онгоц халдлагад өртсөн тохиолдолд Далайн эрх зүйн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенц болон Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенцоор зохицуулна.” гэсэн агуулгатай 16.2 дахь хэсэг шинээр нэмэх, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ингээд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авав
Хуралдаан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар танилцуулсан.
Төсөл санаачлагч гишүүн Х.Баделхан танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого’-д “Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 60-аас доошгүй хувьд хүргэх", мөн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2050 он гэхэд баталгаат шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын эзлэх хувийг 90 хувьд хүргэхээр тус тус заасныг дурдаад Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар заасныг тодотгосон.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын боловсруулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, дараах үр дүнд хүрнэ. Монгол Улсийн нутгийн захиргааны байгуулллагын ус хангамж, ариутгах татуургын талаарх хууль зүйн зарим зохицуулалт тодорхой болж, хуулийн хэрэгжилт хангагдана. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулан хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариун цэврийн байгууламжаар хангагдах нөхцөлийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангагдах нэгдсэн зохицуулалттай болно. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон үйлдвэрийн хэрэглээнээс гарсан олон нийтэд халдварт өвчин тараах аюултай хаягдал бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхээс өмнөх урьдчилан цэвэрлэх байгууламжийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хариуцуулна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.
Мөн хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглапт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсноор бие даасан хараат бус байдал хангагдана. Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх зардлын бодит өөрчлөлтөөс хамааран тарифыг индексжүүлснээр ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмишгчдийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэж байлаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нараас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулгадаа тодотгов.
Мөн тэрбээр, Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг төр аливаа асуудлыг шийдвэрлэж, зохицуулалт хийхдээ тусгай зөвшөөрөл нэмэгдүүлэх замаар биш зөөлнөөс хатууруулсан уян хатан бодлого баримтлах, стандартыг илүү тодорхой болгож, энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд мэдээллүүдийг өгдөг болох, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлснээр эдийн засаг хангагдахгүй тул үүн дээр анхаарах, иргэдийн болон нийгмийн эрүүл мэндтэй холбоотой асуудал учир эдгээр асуудлыг мэргэжлийн байгууллагад нь хариуцуулж, эрүүл ахуйг хангах асуудлыг цаг алдалгүйгээр шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар энэ хуулийн төслөөр Засгийн газар баталдаг байсан төсвийг өөрсдөө баталдаг болж эрх мэдэл, тусгай зөвшөөрөл нэмж байгаа, зардлыг өсгөж байгаа асуудал нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтыг дордуулсан, стандарт, шаардлага нэрийн дор тоног төхөөрөмж авахыг тулгах, үнийн индексжүүлэлт нэрээр зардлыг өсгөж болзошгүй байгаа, хаягдал бохир усаа мэргэжлийн байгууллагаар цэвэршүүлэхийг үүрэгжүүлэхдээ тодорхой ангилж, зааж өгөөгүй нь нийт хэрэглэгчдэд хамаарахаар байгаа зэрэг нь томоохон аж ахуйн нэгжүүд дээр хүндрэл үүсгэхгүй боловч жижиг аж ахуйн нэгжүүд, өрхийн үйлдвэрлэлд дарамт үүсгэх магадлалтайг анхаарах зэрэг саналуудыг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Г.Ганболд, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэлэв.
Гишүүдийн зүгээс Дорнод аймгийнхан сүүлийн нэг сар зэвтэй ус хэрэглэж байгаад арга хэмжээ авсан эсэхийг тодруулахын зэрэгцээ цаашлаад Ховд аймгаас эхлээд бусад аймгуудын цэвэрлэх байгууламжийг нь сайжруулахад салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан.
Дорнодын асуудалд газар дээр нь очиж ажилласан. 1987 онд Дорнод аймгийн шугам сүлжээг шинэчилсэн бөгөөд тус аймгийн ус төмөр ихтэйн зэрэгцээ үүнийг төмөргүйжүүлэх бодисыг холбогдох байгууллага хийгээгүй. Мөн үндсэн магистраль шугамаа угааж цэвэрлэх ёстой байтал энэ ажлаа орхигдуулсан байсан. Тиймээс 05 дугаар сарын 07-н гэхэд шугамын цэвэрлэгээний ажил дуусна гэсэн тайлбарыг Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан өгсөн. Мөн тэрбээр, улсын хэмжээнд бүх аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шат дараатай хийгээд дуусаж байгааг хариултдаа тодотгоод одоо Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудал үлдсэн. Энэ жилээс Баянхонгор, Говь-Алтай аймгийн цэвэрлэх байгууламжийн зургийг хийж эхэлж байна. Ховд аймгийн хувьд мэргэжлийн баг очиж, танилцаад засварлах уу, шинэчлэх үү гэдгийг шийдвэрлэнэ гэж байлаа.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн талаар гишүүдийн зүгээс эргэн нягтлах шаардлагатай асуудлууд байгаа тул төслийн хэлэлцүүлгээс нэг өдрийн завсарлага авахыг мэдэгдэв. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн.
“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Хуралдааны төгсгөлд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр, “2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу 20 гаруй төрийн өмчит компанийг хувьчлах шийдвэр гарсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өртэй нь хувьчлах заалт орсон. Төрийн өмчийн хорооноос тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бейсмент” гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Энэ бол Концессын хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэв.
Авлигатай тэмцэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Засгийн газарт ирүүлсэн. Уг “Мөрдөгчийн мэдэгдэл”-д “Хөтөлийн цемент шохой” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ “Бейсмент” ХХК-д давуу байдал бий болгон хууль зөрчсөн учраас гаргасан алдаа дутагдлаа залруулах арга хэмжээ авахыг сануулсан. Иймд Засгийн газраас нөхцөл байдлыг судалж үзсэний дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт"-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор уг хувьчлалыг тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна гэж байлаа.
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ээс “4.17.“Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэсэн заалтыг хасах, өөрөөр хэлбэл, “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлахгүй байхаар уг Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж танилцуулгад дурдсан байв.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Төсөл санаачлагч нь дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдал, хөрш, зэргэлдээ оронд бий болсон олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан хилээр бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх, нэвтрүүлэх боломжгүй болох, дотоодод бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, хомстол үүсэхээс сэргийлж гол нэр төрлийн материал болох цементийн үйлдвэрлэлийг төрийн оролцоо, дэмжлэгээр хангах, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи бүхий уг үйлдвэрээр дамжуулан бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, цементийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангуулах, үнийн хөөрөгдлийг хязгаарлах, хянах боломж бүрдэж, төвийн болон зүүн бүсийн аймгууд Улаанбаатар хотоос цемент худалдан авах хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөө, орон нутгийн хэрэглээг шууд хангах системд шилжих боломж бүрдэх, орон нутагт цемент тээрэмдэх тээрмүүд суурилуулан орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, аймаг, сумын төвийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэн тогтоолын төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж байлаа.
Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр суриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Улсын Их Хурлаас 7 жилийн өмнө баталсан тогтоолоос Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хасья гэдэг асуудал ойлгомжгүй байгааг тодотгоод хувьчилж авсан тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийдвэр гаргаад Засгийн газар төрд авсан байх. УИХ Засгийн газрын өмч хувьчлалтай холбоотой гэрээгээ дүгнээд гаргасан шийдвэрийг л хүлээн зөвшөөрөх эсэх тогтоол гаргах ёстой байсан талаар тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй холбоотой луйврын хувьчлалыг засаж төрд авч байгаа санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 7 жилийн өмнөх хувьчлах шийдвэрийг үгүй болгохоор энэ хугацаан дахь эрх зүйн үр дагавар юу болохыг лавлав. Тэрбээр, цаашдаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчилсан шийдвэрийг Улсын Их Хурал нь хүчингүй болгоод төрийн мэдэлд авах жишиг тогтоохвий гэдгийг анхааруулсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хувьчлалыг буруу, зөв гэхээсээ илүүтэй хэдий хэрийн өр, зээлтэй байсан Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр шууд авсан талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа 7 жилийн алдагдлыг яаж тооцох талаар лавлахын зэрэгцээ хувьчлал буруу явуулсан алдаагаа засахдаа улсад учруулсан хохирлыг нь барагдуулдаг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
Гишүүдийн зүгээс тогтоолын төслийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр нухацтай ярилцах, хаалттай хэлэлцэх зэрэг саналуудыг гаргаж байлаа.
Ингээд ажлын цаг дууссан тул чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.