Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тус Байнгын хорооны ажлын алба болон Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн төлөөллийн хамтаар Сэлэнгэ аймагт (2021.10.12) ажиллав. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, Ёс зүйн зөвлөлийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Уулзалт, хэлэлцүүлгийн эхэнд тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар Төрийн албаны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа танилцуулга хийв.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдод Улсын Их Хурлын болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан С.Ганбаатар, Н.Ганибал нарын хамт санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулав. Тус төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мөн мэдээлэл өгсөн.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа талаар тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийнхөнд мэдээлж, харилцан санал солилцов. Мөн дээрх төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ Улсын Их Хурал болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд нээлттэй ирүүлэхийг хүслээ.
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА