Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-05-31 14:05 Уншсан: 385


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.31) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, арван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Засгийн газрын гишүүн, сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи Ерөнхий сайдын саналыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн  Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн билээ.


Сайд Ж.Мөнхбат танилцуулгадаа, өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт удаа дараа зохисгүй үйлдэл гарч, олон нийтийг бухимдуулж, сөрөг хандлага бий болгож байгаа нь нэгдсэн удирдлагаар хангах сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж Монгол Улсын Ерөнхий сайд үзсэн болно. Тухайлбал, нийслэлийн 29,116 дугаар сургуулийн сурагчид жагсаал цуглаан хийж, 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын сэдэв задарсан асуудал үүсээд байгааг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайд, улмаар Улсын Их Хурлын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг.

Гэтэл Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж. Батсуурь нь эрхлэх асуудлын хүрээнд хариуцсан салбараа нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомжийг биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, дээр дурдсан сургуулиудад үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй, одоо хүртэл асуудлыг шийдэж, үүссэн нөхцөл байдлыг арилгаагүйн зэрэгцээ төгсөлтийн шалгалттай холбоотой оновчгүй шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтыг дахин явуулж, олон мянган сурагч, эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, бухимдалг төрүүлсэн  гэдгийг танилцуулгадаа онцлов. 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөө өглөө хуралдаж, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг үүрэгт ажлаас нь оцруулах асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.


Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, С.Чинзориг, Ч.Улаан, А.Сүхбат нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан, Б.Пүрэвдорж, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Н.Учрал, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үүссэн асуудлыг шалгаж үзэхэд яамны удирдлагууд хоорондоо таарч ажиллаагүй, яамны аппарат хоорондоо хуваагдаж зөрчилдсөнөөс болж бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах ажил цалгардсан байдалтай байсан. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тодорхой зөвлөмж, дүгнэлт гаргасны дагуу Ерөнхий сайдаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт дүгнэлтэд дурдсан алдаа дутагдлыг арилгах, яамны үйл ажиллагааг сайжруулах талаар үүрэг өгсөн боловч тэдгээрийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаагүй, яаманд үүссэн нөхцөл байдлыг арилгах, яамны хэвийн үйл ажиллааг нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй учраас түүнийг яамны өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын итгэлийг хүлээж ажиллаж чадахгүй байна гэж Ерөнхий сайд үзсэний үндсэн дээр огцруулах асуудлыг тавьсан. Ганц жишээ дурдахад салбарын яамны хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр төгсөх ангийн шалгалтын тест задарснаас болж төгсөх ангийн 39 мянган хүүхэд дахин шалгалт өгөхөөр болж байгаа нь Монголд анхны тохиолдол юм. Иймээс зөвхөн сайдыг огцруулаад зогсохгүй яамны ажлыг гардан хариуцаж байгаа албан тушаалтнууд, холбогдох бүх хүмүүст хариуцлага тооцох асуудал шат шатандаа яригдана гэдгийг хэллээ.  


Харин асуулт асууж, үг хэлсэн гишүүд Ерөнхий сайд өндөр шаардлагатай, хариуцлагатай ажиллах асуудлыг чухалчилж бүрэн эрхийнхээ хүрээнд сайдыг огцруулах асуудлыг оруулж ирж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ бол ганц сайдын асуудал биш төрийн бүх шатны албан хаагчид, бүх яаманд хариуцлагыг чангатгах дохио, сургамж, дүгнэлт гэж хүлээн авч байна, цаашид салбар бүрт энэ асуудал тавигдах ёстой, энэ удаагийн асуудал нь хувь хүний хариуцлага гэхээс илүүтэй боловсролын салбарын бодлого, үйл ажиллагааны гажуудлаас үүдэлтэй учраас боловсролын салбарыг тогтолцоогоор нь шинэчлэх шаардлагатай, ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан хүмүүст хариуцлага хүлээлгэх нь зүйтэй, ийм жишгээр нийгмийг эрүүлжүүлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг онцолж байлаа.

Ингээд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64,3 хувь нь дэмжсэн тул энэ талаархи Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов.

Засгийн газрын гишүүн, сайдыг огцруулсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ бол зөвхөн нэг сайдад биш салбарын яаманд хамаатай асуудал учраас хариуцлага алдсан бүх хүнтэй хариуцлага тооцох ёстой. Төрийн бүх шатны байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид энэ байдлаас сургамж авч өөрсдийнхөө үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага сахилгыг бүх шатанд дээшлүүлэх, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг тооцож дүгнэдэг байх, алдаа дутагдлыг тэр даруйд нь засч залруулан дахин давтдаггүй байхад анхаарч ажиллахыг сануулав. Мөн дараагийн сайдыг томилох асуудлыг яаралтай оруулж ирэх шаардлагатайг Засгийн газарт анхаарууллаа.

Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсний дагуу бүх Байнгын хороод хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна.


Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, үндсэн чиглэлийн төсөлд Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулж Байнгын хорооны хуралдаанаар сонссон бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Бусад байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө” гэсний дагуу Байнгын хороодоос үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд ирүүлсэн санал, дүгнэлтийг хуралдаанд танилцуулж, тэдгээрээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэжээ. Мөн уг төсөл нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын үндсэн  баримт, бичгүүдтэй хэр уялдсан талаар дэд ажлын хэсгээр дүгнэлт гаргуулсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарзориг, Х.Баделхан, Б.Ундармаа, М.Билэгт нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 61  саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад 24 санал нь гишүүдийн олонхийн дэмжлэг авч, 37 нь санал нь дэмжигдээгүй аж.


Иймээс эхлээд Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын 9 дүгээр зорилтын 3 дахь хэсэгт “гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах” гэж; төслийн хавсралтын 18 дугаар зорилтын 4 дэх хэсэгт “цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоо, материаллаг баазыг бэхжүүлэх” гэж тус тус нэмэх; төслийн хавсралтын 16 дүгээр зорилтын 16.1 заалтын “Төрийн өмчийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх” гэснийг “Төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх гэж өөрчлөн найруулах; тогтоолын төслийн хавсралтын 5 дугаар зорилтод “Багануурын ДЦС-ыг барих ажлыг үргэлжлүүлэх” гэж; хавсралтын 10 дугаар зорилтод “зарим их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Багануур, Сэлэнгэ аймагт нүүлгэн шилжүүлж, ажлыг эхлүүлэх,” гэж тус тус нэмэхээр тогтов. Мөн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр зорилтод “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчныг сайжруулах, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар 45000 ажлын байр шинээр бий болгох.” гэж; хавсралтын 14 дүгээр зорилтод “Их, дээд сургууль, МСҮТөв төгсөгчдөд өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн ажлын байр, орлоготой болгох гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх тоног төхөөрөмж лизингээр олгох хөтөлбөр хэрэгжүүлэх.” гэж; хавсралтын 13 дугаар зорилтод “Иргэн бүрийг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж эхлүүлэх.” гэж тус тус нэмэхээр боллоо.

Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын 14 дүгээр зорилтод “Эрүүл мэндийн даатгалын бие даасан, даатгуулагч төвтэй, орчин үеийн менежменттэй тогтолцоог бий болгох, эрүүл мэндийн даатгалын иргэдэд хүрэх үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх." гэж; хавсралтын 9 дүгээр зорилтод “Малчдад учрах эрсдлийг бууруулах зорилгоор цаг агаарын гэнэтийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх мэдээллийн сүлжээ байгуулах” гэж; хавсралтын 1 дүгээр зорилтод “Бизнес эрхлэлтийн санхүүгийн зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх”; “Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах”; “Засгийн газрын гадаад зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулах хөтөлбөр боловсруулах”; “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх” гэж тус тус нэмэхээр тогтов.

Дараа нь тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуралдаан даргалагч чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, 15 цагаас ирц бүрдүүлж байж асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-05-31 14:05

Хуралдааны тов