Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцлээ

  2017-01-25 17:42  314

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаан 14 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Уг хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат тэргүүтэй Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан  Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг хуулийн төсөлд Засгийн газар санал өгсөн эсэхийг ажлын хэсгээс тодруулав. Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуулийг дэмжихээр шийдсэн” гэж хариуллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатбар хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэснийг ирэх гуравдугаар сарын 01 гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулахаар боллоо.

Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

Үргэлжүүлэн Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар тэргүүтэй ажлын хэсэг оролцлоо. Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг үндэслэн Төрийн аудитын байгууллагын 2017 онд хийх аудитын сэдвийг боловсруулсан байна. Үндэсний аудитын газраас боловсруулсан 2017 онд хийх аудитын сэдвийн төлөвлөгөөнд хуулийн дагуу хийх аудитын сэдэв 12, шинээр 11 чиглэлд адит хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны саналаар Концессийн тухай хуулиар төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад батлагдсан арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилт, үр дүн, Засгийн газраас олгосон векселийн үр дүн, Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт үр дүн гэсэн зургаан сэдвээр аудит хийхээр тусгасан байв.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Захиргааны ерөнхий хууль шиг саяхан батлагдсан хууль, хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийх нь оновчгүй гэж байлаа. Иймд Аудитын сэдвийн төлөвлөгөөнөөс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн хэрэгжилт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд аудит хийхийг хасах нь зүйтэй гэж үзэв. Үүний оронд улсын төсөвт үйлдвэрийн газруудын үр ашиг, Төрийн орон сууцны корпораци, Монголбанкны үйл ажиллагаанд аудит хийх санал оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Энэхүү саналыг гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир үргэлжлүүлэн Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн саналыг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

 

Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаар

389 байхаар тусгажээ

Үүний дараа Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд Төрийн аудитын байгууллагын орон тооны бүтцийг хавсралтаар батлах, орон тооны дээд хязгаарыг 389 хүнээр тогтоох, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгуулан зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажиллуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт зөршөөсөн талаар тусгагджээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан, Х.Баделхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Амарзаяа нар санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс Төрийн аудитын байгууллага сүүлийн жилүүдэд батлагдсан орон тоогоороо ажиллаж байгаа эсэхийг тодруулсан юм.

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар 2014 оноос хойш Төсвийн байнгын хорооны батласнаар орон тоо 389 хүнтэй байгаа. Орон тоог давуулсан, дутуудуулсан асуудал байхгүй. Үндэсний аудитын газарт 109, нийслэл дэх төрийн аудитын газар 50, орон нутаг дахь төрийн аудитын салбарт 230 хүн ажиллаж байгаа гэж байв.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг тогтоолын төслөөс “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгуулан зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажиллуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт зөршөөсүгэй” гэсэн заалтыг хасах саналтай байсан бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Үндэсний аудитын газар адиутын шалгалтын дараа зөвлөмж гаргахдаа Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудал, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа эсэх талаар санал авдаг байх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байв.

Ингээд Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



  2017-01-25 17:42  314