Цэс

Холбоо барих

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.08) үдээс хойших хуралдаан 15 цаг 25 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцууллаа.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед  дайсны талд шилжин орсон бол  арван зургаагаас  хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйлд “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэгт “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулгадаа дурдлаа.

Тус хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьсан байна. Иймд эдгээр гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэмт хэрэг болгон өөрчлөх шаардлагатай байна гэж хууль санаачлагч үзжээ.

Хууль санаачлагч болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 79.6 хувь дэмжсэн. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслийг баталлаа


Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд  Байнгын хороо 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа  хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуулиудыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж Байнгын хороо үзлээ.  Засгийн газраас батлах буцаан олгох журамд:

-нэгдүгээрт, дээрх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашиныг импортоор оруулж ирээд энэ хуулийн өөрчлөлтийг хүлээн татвараа төлөөгүй байгаа этгээдэд Онцгой албан татварын тухай хуулийн 6.8-д заасан хувь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулах;

-хоёрдугаарт, дээрх хугацаанд автомашиныг импортоор оруулж ирсэн бөгөөд онцгой албан татвараа төлсөн, цааш худалдан борлуулалт хийгээгүй байгаа этгээдэд буцаан олголтыг олгох;

-гуравдугаарт дээрх хугацаанд автомашиныг импортоор оруулж ирээд цааш худалдан боруулалт хийсэн бол худалдаж авсан иргэнд нь онцгой албан татварын буцаан олголтыг олгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж Байнгын хороо үзлээ.

Мөн татварын буцаан олголтыг олгохдоо бүртгэл, судалгааг сайн гаргах, аливаа эрсдэл үүсэхгүй байх талаар анхаарч ажиллахыг хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газарт анхаарууллаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцлов.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, С.Чинзориг, Б.Батзориг, З.Нарантуяа, Д.Сарангэрэл нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслийн талаар ОУВС-тай ярилцаж тохирсон эсэх, хэчнээн төгрөгийн буцаан олголт хийх талаар илүүтэй тодрууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газраас надад энэ асуудлаар Олон улсын валютын сантай тохиролцож, ярилцсан гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхлэхээс өмнө импортлогч компани, иргэдийн зүгээс хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашиныг оруулж ирсэн, импортлохоор ачуулсан байсных нь татварыг тэг хувь болгож байгаа. Харин 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн батлагдсан хуулиа хэрэгжүүлнэ” гэж хариуллаа. Ажлын хэсгийн зүгээс “ Энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр орж ирээд, эзэмшигчид нь татвар мөнгийг нь төлөөд авсан 375 автомашин, гаалийн талбай дээр ирсэн, бүрдүүлэлт нь хийгдээгүй 2600 автомашин байгаа бөгөөд нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ” гэж нэмж хариулав.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь дэмжив. Мөн Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэлх хугацаанд" гэснийг "2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд" гэж өөрчлөх, төсөлд “Энэ хуулийг 1 дүгээр зүйлд заасны дагуу төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална” гэсэн 2 дугаар зүйлийг нэмэх, төслийн 2 дугаар зүйлийн дугаарыг "3" болгон "3 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ. Ингээд уг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тус Байнгын хороо хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Энэ талаархи Төсвийн байнгын хорооны санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийн төсөлд 1 дүгээр зүйлд “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтооно” гэж тусгажээ. Мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай”, 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгагдсан байв. Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийг батлуулах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжлээ. 

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үүний дараа Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.


Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийн хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэлэлцээд, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2017 оны 05 дугаар сарын 11-нд хүчингүй болсон тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасны дагуу хэрэгжих боломжгүй гэж үзэж төсөл санаачлагчид нь буцаах саналыг ажлын хэсэг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн болно гэж дурдав.

Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт төслийн нэр болон төсөл дэх “мал” гэсэн тодорхойлолтыг өөрчилж, төсөлд “амьтан” гэсэн тодорхойлолт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг төслийн нэрийг одоо байгаа нэрээр өөрчилж, төсөлд байгаа “ген”, “генетик”,“геном” гэсэн гадаад нэр томъёог “удам”, “удамшил”, “удмын сан" гэсэн тохирох монгол үгээр орлуулах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал аваагүй  гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Г. Мөнхцэцэг, Л.Мөнхбаатар нар Малын генетик нөөц гэсэн хуулийн төслийн нэр томъёог орчуулж хэрэглэх талаар онцгойлон анхааруулж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва “Генетик гэдгийг  ухаж мэдэх малчин хэд байгааг бодмоор байна. Монголчууд эртнээс ген гэдгийг малын удам, угшил гэж ярьж ирсэн. Нөөц гэдгийг сан гэдэг утгаар хэрэглэж болно. Энэ хууль малчдад зориулж байгаа гэдгийг анхаарах шаардлагатай. Тиймээс хуулийн нэр томъёог орчуулах нь зүйтэй” гэсэн саналыг хэлж байлаа.


Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хариултдаа “Удмын сан гэдэг бол малын генетик нөөцийн асуудлын зөвхөн нэг хэсэг нь. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэн мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн, тэдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийн талаарх ойлголтыг нэгтгэн “малын генетик нөөц” гэж томъёолсон” гэдгийг онцлов.

Дараа нь Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс төслийн 5 дугаар зүйлд “Малыг хувийн үл давтах дугаараар ялган тэмдэглэж бүртгэнэ”, Малд хөрөнгийн үнэлгээ хийлгэх, тусгай зөвшөөрөл олгох, зээл авах, даатгалд хамруулах, худалдах, дэмжлэг урамшуулал олгоход энэ хуулийн 5.1.1-д заасан бүртгэлийг үндэслэнэ” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн төслийн  8 дугаар зүйлд “энэ хуулийн 13.2-т заасан бүс нутагт зөвшөөрөгдсөн малын төрөл, үүлдэр, омгоос хээлтүүлэгч сонгож үржилд ашиглах”, “бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой ашиглах”, “Малыг өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж, стандартын шаардлага хангасан мал аж ахуйн үйлдвэрлэл явуулж, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч байна”, “Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг бүртгэх, баталгаажуулах, эрх олгох журмыг малын генетик нөөцийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална”, “Энэ хуулийн 8.7-д заасан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нь мал, түүнээс үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, эдийн засгийн бусад харилцаанд оролцох явцад тамга, тэмдэг, гэрчилгээ ашиглана” гэсэн хэсгүүдийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Мөн төслийн 10.8 дахь хэсэгт “Малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүлдэр, омог бий болгосон нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан бол мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхлэгчийг урамшуулж болно”, төслийн 11 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Бүс нутгийн онцлог, малын төрөл тоо, хэмжээг харгалзан, энэ зүйлийн 11.2-т заасан нэгжийн үйлчилгээнд хамрагдах малын жишиг тоог малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн зариргааны төв байгууллага тогтоож, нэгжийн үйл ажиллагаанд бодлого, зохицуулалтын дэмжлэг үзүүлнэ” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив. Түүнчлэн төсөлд “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана”, гэсэн санал ч хуралдаанд оролцсон гишүүдийн 70.0 хувь нь  дэмжив.

Харин Ажлын хэсгээс гаргасан төслийн 16 дугаар зүйлд  “Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт малын үржил селекци, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мал зүйч, малын бүртгэл мэдээлэл, бүтээгдэхүүний чанарын үнэлгээ хариуцсан мал зүйч ажиллана” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэнгүй. Мөн Ажлын хэсгээс төсөлд мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгааг хангахад чиглэсэн 19 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.


Үүний дараа Байнгын хорооны дэмжээгүй саналаар санал хураалт явуулахад  Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн гаргасан саналууд хуралдаанд оролцсон  гишүүдий олонхийн дэмжлэг авав. Тухайлбал, “ төслийн 4 дүгээр зүйлд ”мал” гэж монголчуудын уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг” гэж "амьтан гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа тэжээвэр амьтныг" гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүд олонхи дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл