Цэс

Холбоо барих

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг байнгын хороод хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Байнгын хороод өнөөдөр /2016.07.22/ үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудал хэлэлцлээ. Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өнөөдөр үдээс хойш Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн уг асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналаа хүргүүлсний үндсэн дээр Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүллээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг санал болгохдоо Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг харгалзан үзсэнээ тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна.

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.

Хууль зүйн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулга хийлээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг томилуулахаар санал болгож, түүний товч намтрыг танилцуулсан юм.

Нэр дэвшигч С.Бямбацогт нь Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй юм. 2008 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, 2012-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, даргаар ажиллаж байв. Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, удирдан зохион байгуулах туршлагыг нь харгалзан С.Бямбацогтыг дээрх албан тушаалд томилуулахаар санал болгож буйгаа Ерөнхий сайд танилцуулсан юм.

Нэр дэвшигчийн талаархи танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд Шалган нэвтрүүлэх газрыг хуучин харьяанд нь буюу Хил хамгаалах ерөнхий газарт буцаан авчирах, мөн төрийн тусгай албан хаагчдад үйлчлэх зориулалтаар баригдсан эмнэлгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд буцааж шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг дэмжлээ.

Эдийн засгийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Эхлээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг томилуулах саналаа танилцуулав.

Сайдад нэр дэвшигч Д.Ганбат нь Политехникийн дээд сургууль, Гадаад хэлний дээд сургууль, ШУТИС-ийг төгссөн, Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй аж. Тэрбээр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байжээ.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Ундармаа, Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар үг хэлж, өнгөрсөн дөрвөн жилд төр бизнес хийж байсан буруу жишгийг зогсоож, төр нь ажлаа хийж, аж ахуйн нэгж нь бизнесээ хийдэг зарчимд шилжүүлэхэд анхаарч ажиллаарай гэдгийг захилаа. Түүнчлэн авлигаас ангид байхыг сануулаад “Талын зам” төслийг хэрэгжүүлэх нь Зам, тээврийн хөгжлийн сайдын анхаарч хэрэгжүүлэх хамгийн том төсөл шүү гэдгийг сануулж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Д.Ганбатыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Цэдэвийн Дашдоржийг томилуулах саналаа Ерөнхий сайд танилцуулав. Ц.Дашдорж нь Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн сургуулийг төгссөн, Өрөмдлөгийн инженер мэргэжилтэй бөгөөд төрийн албанд 19 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 16 жил ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсоны зэрэгцээ Барилга, хот байгуулалтын дэд сайд, Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Ц.Дашдоржийг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Төсвийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг томилох тухай асуудал хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Б.Чойжилсүрэн нь 1988-199З онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг автоматикч телемеханикч мэргэжлээр төгссөн. 199З-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2006 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж иржээ.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, Б.Баттөмөр нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тухайлахад, гишүүн Ц.Нямдорж төсвийн байгууллагуудад асар их өрийн сүлжээ үүссэн байж болзошгүй байгаа тул бодит байдалд сайтар дүгнэлт хийж, хүндрэлээс гарах аргуудыг шат дараалалтай авч хэрэгжүүлэхийг сануулсан бол Б.Баттөмөр гишүүн төсвийн орлого бүрдүүлэлтэд анхаарч татвар төлөх төлөвшлийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хуримтлал, шинэ эдийн засгийн загвар бий болгож ажиллахыг захиж байв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилохыг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цаг 53 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилох тухай асуудал хэлэлцэж, энэ талаархи танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хийсэн юм. Тэрбээр Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь төрийн албанд 25 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 12 жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй туршлагатай парламентч учраас нэр дэвшигчийг дэмжиж өгөхийг хүсэв.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр үг хэлж, батлан хамгаалах салбарт эрх зүйн томоохон багц өөрчлөлтийг хийсэн бөгөөд Улсын Их Хурлаар эцсийн хэлэлцүүлэг хийх шатандаа байгааг дурдаад, энэ удаагийн Улсын Их Хурал улс төрийн томоохон шийдвэр гаргасан болохыг онцоллоо. Тодруулбал, Батлан хамгаалахын яамыг үндсэн чиг үүргийн яам болгож, бодлогын төвд оруулж байгааг тэмдэглэв. Ингээд Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар томилохыг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг томилуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар томилохыг дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 20 цаг 38 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэв. Эхлээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах саналаа танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү санал хэлж, нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь У.Хүрэлсүхийг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар томилохыг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Жамъянгийн Мөнхбатыг томилох тухай асуудал хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг дэмжиж, энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 20 цаг 14 минутад 52.6 гишүүдийн хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Нямтайширийн Номтойбаярыг томилох тухай асуудал хэлэлцлээ.

Нэр дэвшигчийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, С.Жавхлан нар үг хэллээ. Үг хэлсэн гишүүд салбараа мэддэг, туршлагатай хүн сайдад нэр дэвшиж байгаа нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байв. Мөн гадаад руу явах иргэдийн урсгал сүүлийн үед нэмэгдэж байгаа тул ажлын байрыг шийддэг бусад улс орны туршлагыг судлах, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллахыг хүсч, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярыг Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Дараа нь Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаархи танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хийсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал, Ц.Цогзолмаа, С.Жавхлан, А.Ундраа, Б.Саранчимэг нар санал хэллээ. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, багш мэргэжилтэй, профессор хүн салбарын сайдад нэр дэвшиж байгаа нь мэргэжлийн Засгийн газарт тохирч байна. Өнөөдөр 30 мянган хүүхэд эрсдэлтэй нөхцөлд гэртээ цоожтой үлдэж байна. Иймд юуны түрүүнд цэцэрлэгийн асуудалд анхаарал хандуулж орхигдуулахгүй байхад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, монгол хүүхдүүдийн оюун ухаан, сэтгэлгээний онцлогийг судалж чадахгүй байгаагаас гадны стандарт оруулж ирснээ оюутан залууст хүргэх асуудалд алдаа гарч байгааг хэлээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсролын талаар авч хэрэгжүүлэхээр тусгасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ж.Батсуурийг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг дэмжлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан 20 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг томилуулах саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус салбарын сайдад нэр дэвшигчийн талаархи танилцуулгадаа Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, удирдан зохион байгуулах туршлага, ажил хэрэгч чанарыг нь харгалзан Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай парламентч Д.Оюунхоролыг сайдад нэр дэвшүүлж байгааг дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, С.Жавхлан, Б.Саранчимэг, Б.Батзориг нар саналаа хэлэв. Тухайлбал, гишүүн Б.Саранчимэг цаашид Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг сайжруулах болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр яамны зүгээс илүү их анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нийслэлийн агаарын бохирдол, гэр хорооллын хөрсний бохирдлыг цэвэршүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, гэр хороололд гүний худаг бий болгох асуудалд анхаарч ажиллахыг хүсээд байгаль орчны чиглэлээр арвин туршлагатай, чадвартай парламентч салбарын сайдад томилогдож байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах асуудлыг Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл