Цэс

Холбоо барих

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр (2018.05.09)  Төрийн ордонд боллоо.


Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлэв.

Дараа нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүдийн нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.


Тэрбээр танилцуулгадаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг 1997 онд баталснаас хойш 20 гаруй жил өнгөрч байна. Хуульд хүний нүдэнд ил үйлдэгддэг буюу гудамж талбайд үймээн самуун гаргах, танхайрах гэх мэт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар зохицуулсан ч өнгөрсөн хугацаанд бодлогын томоохон зохицуулалтууд буюу гэмт хэрэг үйлдэгдэх, гэмт хэргийн золиос болох нөхцөл шаардлага, шалтгааныг арилгах талаарх зохицуулалт хангалтгүй явсаар ирлээ” гээд санаачилсан хуулийн төсөлдөө гэмт хэрэг зөрчлийг тогтоох, арилгах, шинээр бий болохоос урьдчилан сэргийлэх тухай нарийвчлан тусгаснаа хэлэв.  

Мөн, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар зөвхөн нүдэнд ил харагдах ахуйн хүрээний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан бол Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  ил болон далд үйлдэгддэг бүхий л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байна.

Төсөл санаачлагч танилцуулгадаа хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмц гэж үүрэг өгөх бус, хууль сахиулагчдыг бэлтгэх, сургах, техник тоног төхөөрөмж, ажиллах баталгаагаар хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байх зохицуулалт хийснээ онцолсон.

Үргэлжлүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл хийлээ.


Төгсгөлд нь хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо хэлсэн.

Тэд, “Технологийн хөгжлийн энэ үед гэмт хэргийн төрөл цахим орчинд шилжиж байгаа учир энэ талаар хуульд нарийвчилсан зохицуулалт шаардлагатай. Одоогийн хуульд урьдчилан сэргийлэх ажлыг хэт ерөнхий байдлаар тусгасан, урьдчилан сэргийлэх ажлын зардал төсөвлөдөг хэдий ч хүрэлцдэггүй. Урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй тул энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг хуулиар зохицуулах шаардлагатай” гэх зэргээр саналаа хэлэв.

Энэхүү хэлэлцүүлэгт холбогдох хууль хяналтын байгууллагын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг хөтлөн явуулсан.


Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа нар ажиллаж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл