Цэс

Холбоо барих

Т.Аюурсайхан: Парламентын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь бүх салбарын хөгжлийн суурь болно

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко-г өнөөдөр (2021.05.21) хүлээн авч уулзав.


УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан БНПУ-ын Сенат, Сеймийн маршал болон ноён Элчин сайд Кшыштоф Бойко нар мэндчилгээ дэвшүүлсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Польш Улсад Монголын 900 орчим иргэн байнгын оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 600 орчим нь албан ёсоор хөдөлмөр эрхэлж байна. Тэр дундаа Монголын уламжлалт анагаах ухааны салбарын эмч нар тус улсад цөөнгүй жил амжилттай ажиллаж байгаа билээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд "Нийгмийн хамгааллын тухай" хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн дагуу Монгол Улс болон Польш Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэдийн тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний зэрэг тэтгэмж олгох асуудлыг шийдсэн нь чухал ач холбогдолтой болсныг онцлов. 


Уулзалтын явцад талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцаж, Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт Польшийн дэвшилт технологийг нэвтрүүлэх, туршлага судлах замаар эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж хооронд худалдаа, бизнес эрхлэх шинэ гарц нээх өргөн боломж байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, мал, амьтны эрүүл ахуй, эм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих талаар санал солилцов.


"Монгол Улс ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хэд хэдэн том зорилт дэвшүүлсний нэг нь үйлдвэрлэгч орон болох явдал юм. Энэ хүрээнд хүнсний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргахад Польш Улсын туршлагаас суралцах зүйл их байна. Хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах, түүнийг бодлогоор дэмжих, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг парламентын бүлгийн гишүүдээр дамжуулан идэвхжүүлэх нь чухал юм. Энэ нь бүх салбарын харилцааг идэвхжүүлэх үндсэн суурь болно" хэмээн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан онцоллоо.


Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко хоёр орны найрамдалт харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дурдаад, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон боловч цар тахлын улмаас төлөвлөсөн арга хэмжээ хойшилсон. Гэсэн ч БНПУ-ын Сеймийн (парламентын) дэд маршал Малгажота Гошевскагийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээсэнХоёр орны хамтын ажиллагааны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх 11 дүгээр сард эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү арга хэмжээг хоёр улсын парламентын дэд дарга нарын ивээл дор хийх хүсэлтэй байна гэлээ. Мөн Ф.Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааныг Монгол Улсын Консерваторитой хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаагаа мэдээллээ.


УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ноён Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л санал, санаачилгыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, түүнд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл