“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 45 дугаарын тойм

  2020-12-08 13:14  86


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн хамт нийтэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврогийн төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр авахаар болжээ. Буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь Европын Холбоо тусламж олгож буй улсуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр бөгөөд хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөхөөр зохицуулсан байна. 

    Мөн энэ дугаарт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, "Үндсэн хуулийн цэцийн 2020 оны  09 дүгээр дүгнэлтийг  хүлээн зөвшөөрсөн тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгч  зарим шүүгчийг өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн болон шүүгчийн албан тушаалд шилжүүлэх болсонтой холбогдуулан гаргасан “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай”, “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай”  зарлигийг тус тус нийтэллээ. 

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” тогтоолыг нийтлэв. "Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам" нь оюутан сайн дурын үндсэн дээр хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэн ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, дадлагажих, төгсөөд шууд ажлын байртай болох, орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. Тухайлбал, оюутныг хувийн хэвшлийн байгууллагад цагаар хөдөлмөр эрхлүүлэх, түүнтэй холбоотой үүссэн харилцааг энэ журмаар зохицуулахын зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай) нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргаж, оюутныг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, оюутны цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь түүний сурч боловсрол нөхцөлийг хязгаарлахааргүй байх, ажлын цагийн хязгаарлалт нь их, дээд сургууль, коллежийн оюутны улирлын амралтын хугацаанд хамаарахгүй байхаар зохицуулжээ. Мөн журамд хувийн хэвшлийн байгууллага нь оюутантай цагийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг оюутны суралцах, ажиллах цагийн харьцаа, хийх ажлын чанар хэмжээг харгалзан талууд харилцан тохиролцож тусгах, мэргэжлийн чиг баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 15 нас хүрсэн оюутантай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход нь саад учруулахгүй нөхцөлд цагийн ажил эрхлүүлэх, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг оюутнаас шаардахыг хориглох зэрэг хөдөлмөр эрхлэх талаарх нарийвчилсан зохицуулалтуудыг хэрхэн тусгасантай дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 



  2020-11-30 13:50  86