Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Үндэсний аюулгүй байдал-үндэсний бизнес” чөлөөт хэлэлцүүлгийн тойм мэдээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Үндэсний аюулгүй байдал-үндэсний бизнес” чөлөөт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, С.Дэмбэрэл болон үндэсний бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар үг хэлэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Эдийн засгийн аюулгүй байдал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тулгуур үндэс мөн” гэж заан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг тодорхойлсон бөгөөд энэ бодлогыг ханган хэрэгжүүлэх талаар бизнесийн төлөөллийн санал бодлыг сонгох зорилготой хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг тэмдэглэн хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад үндэсний бизнес эрхлэгчид голлох үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд Монголчууд бидний хөгжлийн стратеги: байгалийн баялгаа шүтэх үү, баялаг бүтээгчид болох үндэсний хөрөнгөтнүүддээ тулгуурлах уу гэсэн асуудал дэвшүүлэн хэлэлцэхийг санал болгосон. Мөн үндэсний аюулгүй байдлыг хангахад үндэсний бизнесийн оролцоог тодорхой болгох, бизнес эрхлэгчид өөрийн бизнестээ эзэн байх чухлыг онцлон хэлсэн.

Хэлэлцүүлэгт оролцсон бизнесийн төлөөлөгчид “үндэсний бизнес, үндэсний үйлдвэрлэгч” гэсэн нэр томьёоны эрх зүйн тодорхойлолтыг тодорхой болгох, төсөл, хөтөлбөр, зээл, тусламжаар орж ирж байгаа санхүүжилтийг үйлдвэрлэлийн салбарт оруулах, татварын тооцоололтыг зөв болгох, нэмэгдсэн өртгийн албан татварын ноогдуулалтыг шударга болгож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсний дараа ногдуулах эсвэл босго хувийг бага болгон бүгд төлдөг болгох, транзит тээвэр болон тээвэр ложистикийн харилцааг зохицуулсан хууль, тогтоомжуудыг яаралтай батлан гаргах зэрэг саналуудыг гаргаж байсан. Мөн төрөөс иргэд-үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний бизнесийн хамтын ажиллагааг шинэ нийгмийн тогтолцоотой уялдуулах буюу хагаралдуулах биш хамтран ажиллах чиглэлээр зохицуулахад анхаарахын чухлыг онцлон тэмдэглэж байлаа. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн холбогдолтой хэргүүд их болсонтой холбогдуулан дарамт шахалт их болж байгаа, бүх шатны прокурор, шүүх, цагдаагийн ажилтнуудын эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх, хууль, тогтоол, дүрэм журмуудын хянаж хэрэгжүүлж байгаа доод, дунд шатны төрийн албан хаагчид эрх зүйн баримт бичгийг өөрийн үзэмжээр, ялгавартай тайлбарлан хэрэгжүүлж байгаа явдлыг анхааралдаа авах нь зүйтэй гэсэн саналуудыг мөн хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Байнгын хорооноос чухал сэдвээр ач холбогдолтой хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг хэлээд энэ хэлэлцүүлгийн үр дүнд Байнгын хороо зарим асуудлыг хурлаараа хэлэлцүүлэн тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн санал гаргасан.

Гишүүд болон бизнесийн төлөөллийнхөн татварын эрх зүйн орчны тухай хэлэлцэх үед манай улсын татварын систем нь аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ өөрийн эрхгүй нуудаг тийм байдалд хүргэж байгаа, татварыг бизнесийг дарамтлах арга хэрэгсэл болгож байгаа талаар санал нэгтэй байгаа нь харагдлаа. Өнөөдөр татварын ерөнхий хуулийг эргэн харах шаардлагатай бөгөөд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд ялангуяа НӨАТ, эрүүгийн хуулийн шинэ төслийн эдийн засгийн гэмт хэргийн талаарх бүлгүүдэд бизнес эрхлэгчид саналаа өгөх, Улсын Их Хурал, Байнгын хорооноос хуулийн төслүүд дээр ажиллах ажлын хэсэгт бизнесийн төлөөллийг оруулж байх талаар санал нэгдлээ. Аюулгүй байдлын асуудал хамтын ажиллагаан дээр суурилдаг тул бизнес эрхлэгчид – төр, иргэд хоёр талд зогсох биш хамтран ажиллаж асуудлаа шийдвэрлэж байх нь зүйтэйг ч тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж санал бодлоо ярилцсан бизнес эрхлэгчдэд талархал илэрхийлээд Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс зарим тодорхой саналуудыг Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах ажил зохион байгуулах, цаашдаа ч бизнес эрхлэгчдийн саналыг нээлттэй хүлээн авч тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахыг илэрхийлээд хэлэлцүүлгийг өндөрлөв.

Хэлэлцүүлгийн тойм хянасан:

Ахлах зөвлөх Ч.Сосорбарам

Хэлэлцүүлгийн тойм боловсруулсан:

Референт П.Туяа
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл