УИХ-ын дарга Г.Занданшатар: 200 мянга гаруй ахмад шударга ёсны зарчимд нийцүүлэн байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж байна
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.21) хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал амьдралд бодитой хэрэгжиж, монголчууд байгалийн баялагтаа эзэн байж үр өгөөжийг нь шударгаар хүртэж байгааг цохон, үг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн дагуу зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд зээлтэй ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглээд, тэтгэврийн зээлгүй ахмадуудаа үлдээх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэдэг саналыг гаргаж байв. Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Улсын Их Хурал хууль баталсан. Энэ хуулийн дагуу тухайн үед тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгож, нэг сая төгрөгөөс бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудад зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 400 мянган төгрөгийн зээлтэй ахмадад 600 мянган төгрөг олгоно гэсэн үг. Энэ хуулийг өнөөдрөөс буюу 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр заасан байсан. Тодруулбал, Салхитын мөнгөний ордыг “Эрдэнэс силверс ресурс” ХХК эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон ашиг орлогоосоо тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая төгрөгөөс бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудад зөрүүг олгох ажлыг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн олгох хуулийг баталсан юм.
Улсын Их Хурлын дарга энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал тавьж ажиллалаа. “Эрдэнэс силверс ресурс”, “Эрдэнэс МЖЛ” ХХК-иудад удаа дараа шаардлага тавьж, уулзаж, ярилцсан. Ажиллах нөхцөлийг нь ч хангахыг эрмэлзсэн. “Эрдэнэс силверс ресурс” ХХК тун хариуцлагатай, сайн ажилласныг энд тэмдэглэн хэлье. Тус компани өнөөдрийн байдлаар 220 тэрбум төгрөгийг дансандаа хуримтлуулснаар тэтгэврийн зээлгүй байсан 194 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг сая төгрөг хүртэлх зээлтэй байсан 14 мянган ахмадад зөрүүг нь олгох нөхцөл бүрдлээ. Ингээд Та бүхэндээ баяртай мэдээ дуулгаж байна. Өнөөдрөөс эхлээд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудын дансанд нэг сая төгрөг, нэг сая төгрөгөөс бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын дансанд зөрүү мөнгө нь орж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж бодитой хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр 200 мянга гаруй ахмад Ковид-19 цар тахлын үед шударга ёсны зарчимд нийцүүлэн байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал хэрэгжиж байгаагийн тод жишээ юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр монголчууд байгалийн баялагтаа эзэн байх, байгалийн баялгийн үр өгөөжөөс шударгаар хүртэх эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулж, ард иргэддээ байгалийн баялгийн өгөөжийг хүртээмжтэй хуваарилахаар тусгасан. Үүнийг Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж, бодит үр дүн болно. “Эрдэнэс силверс ресурс” ХХК Салхитын мөнгөний ордын үр шимийг ард түмэн хүртээж байгаа явдал бол Үндсэн хуулийн үзэл баримтлал амьдралд бодитой хэрэгжиж байгаагийн яруу тод жишээ болж байна. Энэхүү үйл явдал нь цаашдаа монголчууд баялагтаа эзэн болох, Үндэсний баялгийн сантай болж, монгол хүн бүр баян чинээлэг, хангалуун амьдрах нөхцөлийн бодит жишээ боллоо. тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая төгрөгөөс бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудад зөрүүг олгож байгаа сайхан жишиг бол цаашдаа Норвегийн сан шиг, дэлхийн байгалийн баялгийн үр өгөөжөө үр ашигтай, ард түмэндээ өгөөжтэй ашиглаж байгаа олон жишгүүдийн нэг болж, цаашдаа буухиалан үргэлжилнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Салхитын мөнгөний ордыг “Эрдэнэс силверс ресурс” ХХК эдийн засгийн эргэлтэд оруулж, 220 тэрбум төгрөгийг дансандаа хуримтлуулсан бөгөөд энэхүү ашиг орлогоосоо тэтгэврийн зээлгүй байсан 194 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг сая төгрөг хүртэлх зээлтэй байсан 14 мянган ахмадад зөрүүг нь олгож эхлээд байгаа юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Нийслэлд тулгарсан “5Т”-г шийдвэрлэх Түр хороог байгуулна
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх Түр хороог байгуулах талаар мэдээлэл өгсөн юм.
“Өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг нь хангах чиг үүрэг бүхий Түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ бол Улсын Их Хурлын даргын санаачилга. Гэхдээ энэ Улсын Их Хурлын санаачилга гэхээс илүүтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шаардлага юм. 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр, бүр тодруулбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг тодорхой болгох шаардлага үүссэн.
Өнөөдөр Улаанбаатар хотод 411.420 өрх амьдарч байна. Үүнээс гэрт 91.249, байшинд 112.659, орон сууцанд 199.337 өрх амьдарч байна. Нийтийн байр 3622 байна. Хүн ам, орон сууц тооллогын хамгийн сүүлийн мэдээгээр 2020 оны байдлаар Улаанбаатарт cуурин хүн ам 1.466.125 хүн тоологдсон байна. Ийм их төвлөрөл бий болсон байна. Өөрөөр хэлбэл, жилд машины тоо 15 мянгаар нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 368 мянган машин байсан, энэ онд 384 мянган машин тоологдож байна. Машины тоо нэмэгдээд байдаг, замын тоо хумигдаад байдаг. Улаанбаатарын түгжрэл улам бүр нэмэгдсээр ирэх жилүүдэд хөдөлгөөний хурд цагт 3 км болж саарах магадлалтай байна.
Иймээс нийслэлийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, төсвийн хараат бус байдлыг нь хангах, татварын бүрэн эрхт байдлыг нь шийдэх, тайван амгалан амьдрах орчныг нь бүрдүүлэх гэсэн таван асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Түгжрэл, төвлөрөл, төсөв, татвар, тайван амгалан амьдрах нөхцөл буюу “5Т”-г шийдвэрлэх Түр хороог байгуулж байна гэж хэлж болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийслэл хот бол нийгэм, эдийн засгийн цогцолбор байна гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ бол корпорацийн шинж чанартай ажиллана гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмчийн удирдлагыг бие даан хэрэгжүүлэх эрхийг нь олгосон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлагатай. Энэ Түр хороо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг гардаж ажиллана. Мөн хэрэгжилтийг хангаж ажиллана. Ингэснээр Улаанбаатар хотод иргэд түгжрэлгүй, тайван амгалан, төсөв татварын дарамтгүй, сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэх учиртай. Дэлхийн бүх улсуудын нийслэлийн хотыг жишгээр өөрчлөгдөн байгуулагдана. Төвлөрлийг нь сааруулна. Энд төсөв, татвар, санхүү, зээлийн бодлогоор дэмжих шаардлагатай. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биелэлээ олж, Улаанбаатар хот “Азийн цагаан дагина” гэсэн хуучин нэрээ сэргээж авна” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс парламентад сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Нийслэлээс Улсын Их Хуралд нийт 23 гишүүн (С.Амарсайхан, Г.Амартүвшин, П.Анужин, Т.Аюурсайхан, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр) сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын зэрэг гишүүд нэгдэж, хотын хөгжлийн төлөө хамтран ажиллахаар болжээ.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2021.05.21