Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг хүртэл хойшиллоо

  2019-01-11 13:12  248


     Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы (2019.01.11) өнөөдрийн хуралдаан  үүрээр түр завсарлаж, 10 цаг 00 минутад үргэлжлүүлэн хуралдах байсан ч гишүүдийн ирц 46,7 хувьтай байлаа. Уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх байв. 

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх цагаасаа  бүтэн цаг 35 минутаар хойшилж байгаа учир гишүүдийг чуулгандаа хүрэлцэн ирэхийг анхааруулж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг шаардав. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ, өчигдөр орой МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл ойлголцох уулзалт хийж байх үеэр чуулганы танхимд хүлээж байгаа гишүүд нь УИХ-ын дарга нь хурлаа бойкотлож, ирэхгүй байна гэсэн мессэжийг ард түмэнд өгсөн байх юм. Огцруулах, чөлөөлөх хуулийн төсөл ярихаар бүгдээрээ хүрэлцэн ирж, хуралдааны ирц 100 хувьтай байдаг хэрнээ ЖДҮХС-тай холбоотой асуудал хэлэлцэх гэхээр ирц нь бүрдэхгүй байгааг юу гэж ойлгох юм.  Олон түмэн биднийг харж байгаа шүү гэдгийг онцолж байлаа.

    Ингээд УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн есөн удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд зарим гишүүдийг 1 цаг 30 минут хүлээсний эцэст хуралдааныг завсарлуулж байсныг онцлоод гишүүдийн саналаар үдээс хойш 15 цаг хүртэл  чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулахаар болов. Энэ хугацаанд бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд анхаарууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


  2019-01-11 12:22  248