УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрдэнэт үйлдвэрийн хувьцаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуултын талаар мэдээлэл хийлээ

  2019-02-27 13:50  259

УИХ-ын нэр бүхий 5 гишүүн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан “Монгол Зэс” ХХК нь өөрийн эзэмшлийн хувиа Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжид худалдан борлуулсан гэх мэдээллийг нягтлан шалгаж, хариуг ирүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулт тавьсан байна. Уг асуултын хариутай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр (2019.02.27) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Нэр бүхий таван гишүүн Эрдэнэт үйлдвэрийн хувьцаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүдийн асуултын хариуг өчигдөр (2019.02.26) албан тоотоор ирүүлсэн. “Монголын зэс” ХХК-ийн зүгээс гишүүдийг үндэслэлгүй мэдээлэл тараасан, гүтгэсэн гэсэн. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр тус компаниас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Ингэж хандахдаа нийт хувьцаагаа Сингапур улсад бүртгэлтэй Эрдэнэт корп PTI лимитэд компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичгийг хүргүүлсэн. Сингапурт бүртгэлтэй компанийн эзэмшигч нь мөн иргэн Ц.Пүрэвтүвшин байгаа юм. Тодруулбал, “Монголын зэс” ХХК нийт хувьцаагаа өөрийн эзэмшлийн өөр нэг компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэж гаргахдаа хоёр аж ахуйн нэгжийн хооронд гэрээ байгуулсан. Тухайлбал, гэрээний 1.1-д нийт хувьцаагаа 112.1 тэрбум төгрөгөөр буюу 41 сая 999 мянга 535 ам.доллараар үнэлж худалдаалахаар заасан байна. 2016 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр “Монголын зэс” ХХК-ийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80.326 сингапур доллар, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд Сингапурын компаниас шилжүүлсэн дансны хуулгыг өргөдөлдөө хавсаргасан байсан. Тэгэхээр өмнө нь мэдээлж байсан нэр бүхий гишүүдийн мэдээлэл бодит болох нь үүгээр нотлогдож байна. 


Мөн иргэн Ц.Пүрэвтүвшингийн энэхүү хүсэлт нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд үл нийцэхийг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдэгдсэн. Ц.Пүрэвтүвшингийн гол хүсэлт нь нь нийт хувьцаагаа Сингапурын компанид шилжүүлэх юм. Бүртгэлийн байгууллагаас иргэн Ц.Пүрэвтүвшингийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн. Өнөөдрийн байдлаар дахин хүсэлт гаргаагүй байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа" гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-02-27 13:49  259