Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Ажлын хэсгүүдийг байгуулж, “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Эхлээд Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн махны үнийн хязгаарлалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас асуулт асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир дээрх Ажлын хэсгийг байгуулж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр махны экспортоос багагүй хэмжээний орлого бололцоотой талаар тоо баримт дурдан, мах экспортлох квотыг аймгуудаар хуваарилах саналыг хэллээ. Малын халдварт өвчний голомтот аймгуудаас, мал аж ахуйн эрүүл бүс нутгуудад мал оторлох асуудалд онцгой анхаарал хандуулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хэлж байв. Түүнчлэн махны экспортод малын халдварт өвчний голомтот бүсүүдийнхээ асуудлыг шийдвэрлэх, малын эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарах, малын дайвар бүтээгдэхүүний боловсруулах, экспортлох асуудлаар санал хэлэв.

    Ингээд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив. Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Бейсен, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо.


    Дараа нь Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, шийдвэрлэв. Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч Р.Батхишиг, Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны төвийн Шинжилгээ, судалгаа, түүврийн албаны статистикч Н.Өлзийханд нар ажиллах талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд дурдсаныг Х.Болорчулуун дарга танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ц.Туваан, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, Т.Аубакир, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Б.Бейсен  нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.


    Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг Улсын Их Хурлаас зохион байгуулахаар шийдвэрлэснийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулсан. Энэхүү Зөвлөлдөх санал асуулгыг баг, сум, аймаг бүрд мэдээлэл хүргэн, хэлэлцүүлэг зохин байгуулж саналууд авах, дараа нь Үндэсний статистикийн хороотой хамтран иргэдийн оролцоог хангасан Зөвлөлдөх санал асуулга явуулж, эцэст нь түүврийн аргаар аймаг, сум бүрийн төлөөллийг Улаанбаатар хотноо цуглуулан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа гэв. Бүх нийтийн оролцоог хангаж, талуудын оролцоог эрх тэгш зохион байгуулсны үндсэн дээр иргэдийн саналд үндэслэн бэлчээрийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх шаардлага бий гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн тэмдэглэв. Ийнхүү Ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 дэмжсэн юм. 

    Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд Т.Аубакир, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Н.Ганибал, Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг, Г.Мөнхцэцэг нарын гишүүд ажиллахаар боллоо. 

    Хуралдааны төгсгөлд Бэлчээр хамгаалах асуудлаар зохион байгуулагдах Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд 78.6 хувийн саналаар дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, Зөвлөлдөх санал асуулгын тухай 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсгийг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд бүртгэх,  тус зөвлөлд нэр дэвшигчийн жагсаалтыг гаргаж “Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахыг Ажлын хэсэг /Г.Тэмүүлэн/-т даалгахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл