Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 23 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл /II/-ийн зээлийн гэрээг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтэллээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын зарим заалтуудыг өөрчилж, “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн баталжээ.

Түүнчлэн “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв. Журмын дагуу, Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокуророос ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэж, сахилгын хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллах ажээ. Тус журамд зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар шалгуур тавигдах, зөвлөл нь ямар чиг үүрэгтэй байхаас гадна Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна ямар бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Зөвлөлийн гишүүн ямар эрх эдэлж, үүрэг хүлээх зэргийг журамласан байна. Түүнээс гадна прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гомдол, хүсэлт, прокурорын газруудаас ирүүлсэн хүсэлтийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан тогтоожээ. Прокурорын ёс зүйн Зөвлөлийг Улсын Ерөнхий прокурорын орлогч даргалж, тус газрын Дүн шинжилгээ, судалгаа хяналт шалгалтын хэлтсийн дарга, мөн газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, тус газрын Сургалтын төвийн захирал, Тээврийн прокурор зэрэг албан тушаалтнууд Зөвлөлийн гишүүнээр ажиллах юм байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, ноолуурын салбарын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх асуудлыг баталжээ. Түүгээр, Засгийн газрын зарим тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгөөс дамжуулах зээлээгүй үлдэгдэл, мөн Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн нийлбэр дүнгээс 100.0 /нэг зуун/ тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн эргэлтийн хөрөнгийг дэмжих зорилгоор арилжааны банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгажээ.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээгэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл