Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-07-29 23:07 Уншсан: 110

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГЭМИЙН ДҮРЭМ

Нэг.  Нийтлэг үндэслэл  

1.1. Монголын парламентын бүлгэм нь  /цаашид “МПБ” гэх/  Олон Улсын Парламентын Холбоо /цаашид “ОУПХ” гэх/-ны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэн  ажиллах зорилго бүхий Монгол Улсын Их Хуралд байгуулагдсан үндэсний  бүлгэм бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүдийн сайн дурын олон нийтийн байгууллага мөн.

1.2. МПБ нь  үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль,  холбогдох хууль,  тогтоомж,  Монгол Улсын олон улсын гэрээ,  ОУПХ-ны дүрэм болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

Хоёр. МПБ-ийн үйл ажиллагааны  зарчим, чиг үүрэг

2.1. МПБ нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс,   үндэсний язгуур эрх ашгийг  эрхэмлэн хамгаалах, хууль дээдлэх, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэх зарчмыг  баримтална.

2.2. МПБ нь бусад орны хууль тогтоох байгууллагууд болон хоёр талын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОУПХ болон олон улсын,  бүс нутгийн парламентын байгууллагуудаас парламентын ардчиллыг хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсын хамтын байгууллагын хүчин чармайлтыг дэмжихэд   чиглэсэн  үйл ажиллагаанд  оролцох  үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

Гурав.  МПБ-ийн гишүүн

3.1. МПБ-ийн дүрмийг зөвшөөрч, МПБ-ийн гишүүн байх хүсэлтээ илэрхийлсэн Монгол Улсын Их Хурлын гишүүн МПБ-ийн гишүүн байна.

  1. МПБ-ийн гишүүн  дараах үүрэгтэй:

                        3.2.1.   МПБ-ийн дүрмийн заалт,  МПБ-ээс гаргасан шийдвэрийг биелүүлэх; 

                        3.2.2.   МПБ, хоёр талын парламент хоорондын бүлгийн үйл ажиллагаа, тэдгээрийн шугамаар хэрэгжүүлж буй арга хэмжээнд идэвх, санаачилгатай оролцох.

Дөрөв.  МПБ-ийн  Бүх гишүүдийн хурал,  түүний үүрэг

4.1. МПБ-ийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн  хурал болно.

4.2. Бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

            4.2.1.Гүйцэтгэх хорооны ажлын тайлан;

            4.2.2.ОУПХ-ны шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилт;          

            4.2.3. Гүйцэтгэх хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх.

4.3. Бүх гишүүдийн хурлыг МПБ-ийн Гүйцэтгэх хороо хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна.

4.4. Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Тав. МПБ-ийн Гүйцэтгэх хороо, түүний эрх үүрэг

5.1.  МПБ-ийн Гүйцэтгэх хороо нь дарга, дэд дарга, 7 гишүүн, нийт 9 хүний  бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээрийг МПБ-ийг зохион байгуулах анхдугаар хурлаар ил санал хураалт явуулж сонгоно.

5.2.Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөллийг  заавал оруулна.

5.3. Гүйцэтгэх хорооны эрх үүрэг:

            5.3.1.Бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;

​5.3.2.МПБ-ийн ажлын төлөвлөгөөг батлах;

            5.3.3.ОУПХ-ны ээлжит хурлуудад оролцох бэлтгэлийг хангах,  Улсын Их Хурлаас оролцох төлөөлөгчдийг  томилоход санал оруулах;

            5.3.4.ОУПХ, түүний Зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийг гишүүдэд танилцуулж,  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай асуудлаар холбогдох байгууллагуудад санал, хүсэлт тавих;

            5.3.5.ОУПХ болон бусад орны парламентын бүлгэм, олон улсын, бүс нутгийн парламентын бусад байгууллагатай  харилцаа тогтоож,  хамтран ажиллах;

            5.3.6.Олон улсын цаг үеийн шаардлагатай чухал асуудлаар ОУПХ-нд МПБ-ийн байр суурийг илэрхийлэх;          

            5.3.7. МПБ-ийн үйл ажиллагааны тайланг ОУПХ-нд  хүргүүлэх;

            5.3.8.ОУПХ-ны гишүүний татварыг тухай бүр  шилжүүлэх.

5.4. Гүйцэтгэх хороо  жилд  нэг удаа хуралдана.

5.5. Гүйцэтгэх хорооны үйл ажиллагаа нь  Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүд  Гүйцэтгэх хороог шинээр байгуулах хүртэл үргэлжилнэ.

5.6. МПБ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс эрхлэн явуулж, МПБ-ийн Гүйцэтгэх хороо хяналт тавина.

Зургаа. МПБ-ийн анхдугаар хурлыг зохион байгуулах 
6.1. МПБ-ийн анхдугаар хурлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар шинээр сонгогдсон  Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа   Улсын Их Хурлын дарга  зарлан хуралдуулна.

6.2. Анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

                        6.2.1. Улсын Их Хурлын гишүүдийг МПБ-ийн гишүүнээр баталж, МПБ-ийг байгуулж тогтоол гаргах;                 

                        6.2.2.Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох;

                        6.2.3. Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах;                       

                        6.2.4. МПБ-ийн дүрмийг батлах;

Долоо.  Гүйцэтгэх хорооны дарга, дэд  дарга, гишүүдийг  сонгох, эрх үүрэг

7.1. МПБ-ийн Гүйцэтгэх хорооны даргад олонхийн бүлгээс, дэд даргад цөөнхийн бүлгээс нэр дэвшүүлж МПБ-ийн анхдугаар хурлаар ил санал хураалт явуулан гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

7.2.  Гүйцэтгэх хорооны даргын эрх, үүрэг:

            7.2.1 Гүйцэтгэх хороог удирдлагаар хангаж ажиллах;

7.2.2 МПБ дэх хоёр талын парламентын бүлгүүдийг байгуулахаар Улсын Их Хурлын гишүүдээс  гаргасан хүсэлтийг хүлээн авч,  холбогдох захирамж гарган шийдвэрлэх;

7.2.3  МПБ-ийн шугамаар хүлээн авах төлөөлөгчдөд урилга явуулах;

7.3. Гүйцэтгэх хорооны даргын эзгүйд дэд дарга орлон ажиллана.

7.4 Гүйцэтгэх хорооны гишүүдэд намын бүлгүүдийн сонгуульд авсан суудлын тоог харгалзан нэр дэвшүүлнэ.

7.5. МПБ-ийн Гүйцэтгэх хорооны гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга хавсран ажиллана.

Найм. Хоёр талын парламентын бүлэг байгуулах 

8.1 УИХ-ын гишүүн хоёр талын парламентын бүлэг байгуулж даргаар ажиллах,  парламентын бүлэгт гишүүнээр орж ажиллах хүсэлтээ МПБ-ийн Гүйцэтгэх хорооны даргад бичгээр гаргана.

8.2 УИХ-ын гишүүн хоёр талын парламентын 5 хүртэлх бүлгийн гишүүн, 3 хүртэлх  парламентын бүлгийн дарга байж болно.

8.3 Хоёр талын парламентын бүлгийн даргыг МПБ-ийн Гүйцэтгэх хороо сонгоно.

Ес.  Бусад

9.1. МПБ өөрийн тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.

9.2.МПБ-ийн санхүүгийн эх үүсвэр нь улсын төсөв,  бусад  орлогоос бүрдэнэ.

9.3. Энэхүү дүрэм нь МПБ-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

9.4. МПБ-ийн дүрэмд гишүүдийн олонхийн саналаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.


Үүсгэсэн: 2017-02-04 23:02

Хуралдааны тов