Ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгаа эрсдэлээс хамгаалах асуудлаар уулзалт хийлээ

  2020-03-18 15:13  479


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, цаашид анхаарах асуудал, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эдгээр салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар нарын зэрэг албаны хүмүүс, МҮХАҮ-ийн танхим, Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл оролцоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Корона вирусийн халдварын тархалт, түүний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нэлээд ужиг байж мэдэхээр байна. Дэлхийн улс орнууд хямралаас эдийн засгаа, үйлдвэрлэгчдээ, иргэдээ хамгаалах арга хэмжээ авч эхэллээ. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч энэ талаар онцгой анхаарч, холбогдох арга хэмжээ авч байна.

УИХ дээр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Эдийн засгаа тогтвортой байлгаж, цаашид идэвхжүүлэх нь нэн чухал зорилт боллоо. Энэ онцгой цаг үед манай ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл төсвийн орлого, санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгаа дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Самнасан ноолуурын экспортоос 4.0 хүртэл тэрбум, багадаа 2.0 тэрбум ам.долларын орлого олох боломж бидэнд бий. Бусад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж уруудаж байхад алтны үнэ тасралтгүй өсөж, өнөөдрийн байдлаар унци нь 1528 ам.долларт хүрлээ.


Тиймээс эдгээр салбарын өнөөгийн байдал, анхаарал татсан асуудлын талаар ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэв.

Нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,, Хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн биржийн удирдлагууд мэдээлэл, танилцуулга хийв.

Энэ жилийн хувьд 10.0 орчим мянган тонн ноолуур бэлтгэгдэх бөгөөд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл гаргаж, худалдан авагчдыг дэмжихээр төлөвлөж байгаа юм байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг холбогдох судалгаа дүгнэлтийг хийсний үндсэн дээр Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг дэмжих арга хэмжээг батлан хэрэгжүүлэх гэж байгаа аж. Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг, хүү нь 12 хувь бөгөөд 3.0 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүгийн зөрүү 9.0 хувийг татаас хэлбэрээр шийдвэрлэхээр яригдаж буй юм. Энэхүү зээлийг зөвхөн ноолуур худалдан авахад зориулах, ноолуурын үнийг унагахгүй, өнгөрсөн жилийн түвшинд хадгалах, ийм замаар малчдаа дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, энэ үйл ажиллагаанд хатуу хяналт тавих нь чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар санууллаа.


Алтны салбарын хувьд үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг Яамнаас явуулж буй бөгөөд шинээр олборлолт эрхлэх 66 төсөл бэлэн байгаа аж. Гэвч тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих асуудал төвөгтэй байгааг  Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр хэллээ. Нийтдээ 425.0 тэрбум төгрөгийн хөрөнг оруулалт шаардлагатай байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс алт ресурс” компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, лицензийг нь шийдэж, томоохон орд газар эзэмшүүлэх, МҮХАҮТ-тай хамтарч уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдээр бүрдсэн оператор ажиллуулах, ноолуурын үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр хувийн хэвшлийнхэн хувьцаа, бонд гаргахыг дэмжих, Малчдын корпораци байгуулах санаачилгыг бодит ажил хэрэг болгох зэргээр зохион байгуулалт, менежментийн шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг чиглэл болголоо.

        


  2020-03-18 17:58  479