Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.11.03) Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн М. Конкиевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улстай олон жилийн турш хамтран ажиллаж, бидний сонгосон ардчилсан тогтолцооны хөгжил, ялангуяа парламентын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Улсын Их Хуралтай хамтран сүүлийн жилүүдэд хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ирсэн. Үүнд, Монгол Улсын төрийн албыг бэхжүүлэх, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчийн ур чадварыг дээшлүүлэх, институцийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Иймд бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна гэв.
Суурин төлөөлөгч Илейн М. Конкиевич Улсын Их Хурлын даргыг Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаад 45 жил болсныг тэмдэглэв. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бүхий л санаачлагыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл хэрэгжүүлж байгааг дуулган Улсын Их Хурлын даргын зүгээс уг төсөл амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Талууд Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн ажил, цаашдын төлөвлөгөө, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн талаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.