Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тойм

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 15.35 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл удирдан, Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, ажлын дэд хэсгийн гишүүд болон байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл 4 дүгээр сарын 22-ны хуралдаанаас хойш баталсан хуваарийн дагуу ажлын хэсгээс хийсэн ажлыг товч танилцуулав.

Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, гадаад харилцааны салбарын бодлогын бусад баримт бичгийн хэрэгжилт, Гадаад харилцааны салбарын бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудлын талаар Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын, гадаад бодлогын үзэл баримтлал болон гадаад харилцааны салбарын бодлогын бусад баримт бичгүүдийн уялдаа холбоог судлан үнэлсэн талаар Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Ш.Хишигсүрэн, Эдийн засгийн гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийн талаар Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ариунаа нар тус тус танилцуулга хийсэн.

Ажлын хэсгийн гишүүд танилцуулгуудтай холбогдуулан асуулт асууж хариулт авсан бөгөөд гадаад харилцааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт, хэрэгжүүлэх арга замуудыг улам тодорхой бодитой болгох нь зүйтэй гэсэн санал гаргасан. Эдгээр саналуудыг тусган баримт бичгүүдийг эцэслэн ажлын хэсэгт 7 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг ажлын хэсгийн ахлагч үүрэг болголоо.

Хуралдаан 17.52 цагт өндөрлөв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл