Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.30)  12 цаг 10 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гурван асуудал хэлэлцэхээр болсныг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох яамдын удирдах албан тушаалтнууд оролцлоо. 

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдлийг нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, хэрэгжүүлэхийг Монгол Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн  34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төсөл боловсруулсныг онцлоод тэтгэвэр нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага ба алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн тэтгэвэр зарцуулах эрхийг нэмэгдүүлэх замаар  шийдвэрлэхээр төлөвлөснийг дурдав.

Дээрх төсвийн зохицуулалтын үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг хуульд заасан хэмжээнээс бууруулах шаардлага үүсэж байна гэж байлаа. 


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах 600 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тодруулахын зэрэгцээ Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан, ахмад настны тэтгэврийг нийтэд нь 15 хувиар нэмэгдүүлж тэгштгэх талаар судалсан эсэхийг лавлаж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, төсвийн тодотголоор ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тусгай шаардлагуудаа өөрчлөхгүй байх зарчмыг баримталсан. Бид тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж 10 дугаар сарын 01 гэхэд бүх тэтгэвэрийг 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Ингэж нэмэгдүүлэхэд тэтгэврийн доод хэмжээ нь  500.000 төгрөгт хүрэхгүй бол шууд 500.000 төгрөг хүргэж татах тооцооллыг хийсэн. Энэ шийдэл нь  02 дугаар сарын 01-ээс хэрэгжихээр болж өөрчлөгдсөн тул төсвийн зохицуулалтад бага зэргийн өөрчлөлт орсон гэж байлаа. Мөн суурь тооцоолол дээр Засгийн газар 327 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн ч энэ шийдэл 02 дугаар сарын 01-н болж өөрчлөгдөхөөр нийт 637 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон. Ингээд үлдэгдэл 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олохын тулд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэж байлаа. 

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэрийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэж тусгасан. Энэ жилийн хувьд омикрон болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан инфляци  13.5 хувьтай байгаа тул тэтгэвэр, тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлэхээр байсан. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.000 төгрөг байгаа тул үүнийг 15 хувиар нэмбэл 368.000 төгрөг болно. Гэвч Засгийн газраас иргэдийн орлого багасаж, амьдрал нь хүндрэлтэй байгааг харгалзан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.000 төгрөгт хүргэхийн зэрэгцээ инфляцийн түвшинтэй уялдуулан бүх тэтгэврийг 15 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн гэж байлаа. 

Энэ үеэр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудалд хуулийн хүрээнд зохицуулалт хийх шаардлагатай байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Иймд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төслийн талаар гишүүд саналаа нэгтгэх, зарчмын зөрүүтэй саналыг боловсруулах асуудлаар намын бүлгийн хурлаар эргэж нягтлан  ярилцах нь зүйтэй хэмээн үзэж, хоёр цагийн завсарлага авахаар болсныг мэдэгдэв. 

Бүлгийн завсарлагааны хугацаа дууссан тул хуралдааныг үргэлжлүүлж, Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, хэдийгээр коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг үр дүн бүхий олон вакцин гарч, улс орнуудад вакцинжуулалты аян амжилттай хэрэгжиж байгаа ч мутацид орсон шинэ хувилбаруудын нөлөөгөөр дэлхий нийтэд халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 370 саяд, нэг өдөрт илрэх халдварын тоо 3.6 саяд хүрсэн нь 2021 оны 9 дүгээр сартай харьцуулахад 6 дахин өссөн үзүүлэлт гэдгийг тодотгов.

Мөн коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын нийт 13 хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага бүртгэснээс хамгийн сүүлийн мутацлагдсан хувилбар болох “омикрон” нь  өмнхө дельта вирусээс халдварлуулах чадвар 1.5 дахин илүү, шинээр батлагдсан тохиолдуудын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа болон тусгайлан зориулсан вакцин бий болоогүй зэргээс үүдэн цар тахлын үргэлжлэх хугацаа уртсаж, дэлхий дахинд эрүүл мэнд-эдийн засгийн тодорхой бус байдал үргэлжлэх төлөвтэй байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ тодорхой бус байдлын үргэлжлэх хугацааг урьдчилан тооцоолох боломжгүй байгаа үед цар тахлын нөлөөллийг бууруулах арга хэмжээг цаг алдагдалгүй,  шуурхай зохион байгуулах, төсөв санхүүгийн зохицуулалт хийх эрх мэдлийг Засгийн газруудад хангаж өгдөг туршлага дэлхийн олон оронд байна гэж байлаа. 

Иймд ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зарлагад зохицуулалт хийх агуулга бүхий хуулийн 7.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ өмнө байсан зохицуулалтыг сэргээхээр хуулийн төсөлд тусгасныг онцлов. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь  дэмжив. 


Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа, коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг, манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгааг  дурдлаа.

Нөхцөл байдал хэдийгээр хүндхэн байгаа ч Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Ингээд уг хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх бусад Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтээ ирүүлсэнтэй тус тус танилцав. 


Хуулийн төсөлтэй холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Хүрэлбаатар, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлэв.  Тухайлбал, Улсын их Хурлын гишүүн Б.Пүрэворж,  Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авсны дараа 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрхэн томьёолж шийдвэрлэхээр болсныг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн хүрээнд оруулж байгаа энэ өөрчлөлт нь бага, болон өндөр тэтгэвэрт авдаг хүмүүст ашигтай, дундаж тэтгэвэртэй иргэдэд нэмэгдэл нь бага байгаа тул үүнийг жигдлэх талаар тодруулж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэвийн доод хэмжээгээр тэтгэвэр авагчдын тоог тодруулахын зэрэгцээ 430.000, 501.000, 1.500.000 төгрөгийн тэтгэвэрүүд хуулийн хүрээнд хэдий хэмжээнд хүрэхийг лавласан.

Бага тэтгэврийг ихээр нэмэгдүүлэхдээ өндөр тэтгэврийг нэмэгдүүлэхгүй эсвэл багаар нэмэгдүүлж байгаа нь тэтгэврийн үнэ цэнийг бууруулж байдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа онцлов. Мөн тэрбээр хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 300.000 төгрөгийг 72.333 иргэн авдаг бөгөөд энэхүү хуулийн өөрчлөлтөөр 400.000 төгрөгт хүргэх, бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 350.000 төгрөгийг 199.000 гаруй иргэн авдаг бөгөөд өргөн барьсан хуулийн төслөөр 500.000 төгрөг болох юм. Түүнчлэн 430.000 хүртлэх төгрөгийн тэтгэвэр авагчийг 15 мянган төгрөгөөр нэмэгдүүлээд шууд 500.000 болгож байгаа бөгөөд 435.000 дээш төгрөгийн тэтгэврийг 15 хувиар бүрэн нэмэгдүүлнэ гэж ойлгох шаардлагатай гэж байлаа. 501.000 төгрөгийн тэтгэвэр хуулийн хүрээнд 15 хувиар нэмэгдүүлэхээр 575.000, 1.500.000 төгрөгийн тэтгэвэрийг 15 хувиар тооцохоор 225 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар дурдав.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн асуултад хариулахдаа, 310 тэрбум төгрөгөөр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. 310.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн бусад зардлуудаас хасаад Нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр ярилцан шийдвэрлэж, саналын томьёоллыг бэлтгэсэн гэсэн нэмэлт тайлбарыг хийв. 

Үргэлжлүүлэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо ирүүлсэн бусад Байнгын хороод болон Төсвийн байнгын хорооны нийт зарчмын зөрүүтэй 10 саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин, Г.Тэмүүлэн нар “төсөвт тусгагдсан урсгал болон хөрөнгийн зардалд өөрчлөлт оруулахаар гаргасан саналын томьёололтой уялдуулан улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөв, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт хийгдэх өөрчлөлт, хуулийн төслийн дугаарлалт, эдийн засгийн ангилал, хэрэгжих хугацаа, төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын холбогдох өөрчлөлтийг тусгах” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь дэмжсэн. 

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл