Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар сансрын баатраа хүлээн авч уулзлаа


Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

-Ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, комиссыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүлж, олон сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр Оросын соёл, шинжлэх ухааны төвд ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ. Урьд өмнө төдийлэн дэлгэгдэж байгаагүй олон ховор зураг, үзмэр тавигдсан. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 12 хүртэл гарна. Зарим нэг арга хэмжээ COVID-19-өөс шалтгаалж, хойшлогдох нь гэж Ж.Гүррагчаа баатар танилцууллаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны анхны мөрийг нь гаргасан сансрын замаар монгол хүн аялах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Таны монгол түмний түүхийн хуудсанд үлдээсэн энэ гайхамшигт үйл хэргээр Монголын төр, монгол түмэн бахархдаг” гээд, сансрын ахан дүүс болох В.А.Жанибеков, В.П.Савиных, В.В.Ковалёнок нарт баярын мэндчилгээг минь дамжуулж өгнө үү гэж Ж.Гүррагчаа баатраас хүслээ.

Ж.Гүррагчаа баатар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэж, “Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд сансрын баатар маань монгол түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байснаар бид бахархдаг. Танд эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэж, сансрын уудмыг эзэмших хүн төрөлхтний их үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байхын өлзийт ерөөл өргөн барья” гэв.  

    

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл