Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 41 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлжээ.

Дээрх хуулиудаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцид нэгдэн орж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг баталсан юм. Тэрхүү конвенц, Зээлийн хэлэлцээрүүдийг мөн эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Түүнчлэн Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна.

Уг зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлаж, Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг судлан сайжруулах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, хамгаалах, авлига, албан  тушаалын  гэмт  хэргийг   хянан   шийдвэрлэх   ажиллагаанд  оролцож   байгаа гэрчийг хамгаалах асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилт, хэрэгцээ шаардлагыг үнэлэн судалж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг цаг алдалгүй авах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлын хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг аюулгүй байдлын болон амьдрах нөхцөл, эдийн засгийн баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэх, шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүрэг, тогтолцоог улам боловсронгуй болгох арга хэмжээ авахыг УИХ болон Засгийн газарт зөвлөсөн байна.

Мөн дугаарт “Соёлын биет бус өвийн үзлэг хийх журам”, “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам”, “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-уудыг баталсан Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Түүнчлэн Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтыг сайжруулах, үүсгэгч нь хариуцаж, бохирдуулагч нь төлөх эко төлбөрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл