ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав

  2018-04-18 14:46  409

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 23 минутад эхэллээ. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг танилцуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх зөвлөмж гаргасан. Салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон дээрх хэлэлцүүлгийн тайлан мэдээллийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах хүсэлтэй байна” гэлээ. Байнгын хорооны дарга ирэх долоо хоногийн хуралдаанаар мэдээллийг сонсох нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хийж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг хэлэлцсэн байна. Ингээд төслийн зарим нэр томъёог бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, Үндэсний зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилох, хуулийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөхөөр зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, ажлын хэсгээс мэдээлэл авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 3.1.11-т “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх” гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, худалдах үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг” гэж тусгасан байгаа бөгөөд хууль батлагдаад хэрэгжсэн тохиолдолд дээрх зүйл, заалтаар далимдуулан хүнийг хэлмэгдүүлэх асуудал үүсэх эрсдэл бий гэдгийг Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэн Ажлын хэсэгт анхааруулж, найруулга дээр нухацтай ажиллахыг сануулсан. Түүнчлэн төсөл дэх “3.1.12.“үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч” гэж үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнийг” хэмээх заалт нь энэ төрлийн арилжаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй байхаар томъёоллыг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байлаа. Төсөл дэх хууль батлагдсан тохиолдолд дагаж мөрдөх хугацааг 2018 оны долдугаар сарын 01-ний өдөр болгох Ажлын хэсгийн саналыг хуралдаан оролцсон гишүүд 78.6 хувийн саналаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахыг 64.3 хувийн саналаар тус тус дэмжлээ. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

    Үргэлжлүүлэн Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулсан. Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Манай улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулжээ.  Бүгд Найрамдах Беларусь Улстай “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, төслийг тохироод байгаа гэв. Гэрээний төсөл 21 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр хоёр улсын эрх бүхий байгууллагууд, хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гаргуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх журмыг тохирчээ. Танилцуулагатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

    Дараа нь “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр төслийн талаар танилцуулав. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд хамтран ажиллаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг дундаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй зохион байгуулалттай тэмцэх боломжтой болдог байна. Манай улс одоогийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулаад байгаа аж. Бүгд Найрамдах Беларусь Улстай дээрх гэрээг байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, 22 зүйл бүхий гэрээний төслийг тохироод байгаа юм байна. Гэрээний төслийн хүрээнд хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримтыг олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэргээр тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь улс орнууд иргэдээ хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулдаг гэдгийг дурдаад “Энэ төрлийн гэрээ чухал ач холбогдолтой, гэхдээ монголчууд олноор суурьшин ажиллаж, сурч, амьдарч буй улс орнуудтай ийм гэрээ байгуулах чиглэлээр холбогдох яамд ажиллах нь зүйтэй. Манай хэдэн иргэн Беларусь Улсад, тус улсын хэчнээн иргэн Монгол Улсад ажиллаж амьдарч байна вэ” хэмээн тодрууллаа. 2017 оны байдлаар албан болон жуулчлах, суралцах зэрэг хувийн зорилгоор давхардсан тоогоор 4575 Бүгд Найрамдах Беларусь Улсын иргэн манай улсад, харин 43 монгол хүн  тус улсад зорчсон талаарх мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Гэрээний төслийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг 92.9 хувь нь дэмжлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

    “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлаар хуралдаан үргэлжилж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулга хийв. Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэх боломжтой болдог байна. Манай улс өнөөдрийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлдэг бөгөөд 2014 оноос Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Беларусь Улстай байгуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд 23 зүйл бүхий гэрээний төслийг хоёр тал харилцан тохирсон бөгөөд энэ хүрээнд гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, шаардлагатай тохиолдолд гэмт этгээдийг түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон байна. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх төрлийн гэрээ хэлэлцэлийг монголчууд олноор ажиллаж, сурч, амьдардаг улс орнуудтай байгуулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам санаачилгатай ажиллах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар хэлсэн. Ингээд төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонх дэмжснээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэв

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай иргэнээс гаргасан маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хэлэлцсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сарын  06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн дээрх хуралд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон Ч.Дондогмаа Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд байлцсан юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Д.Ганболд, Л.Болд, Ж.Батзандан, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

    Хуралдааны төгсгөлд Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Ингээд ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-04-18 13:33  409