Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН 

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Дэлхий даяар газар тариаланд ашиглах боломжтой үржил шимт газрыг нэмж өргөжүүлэх боломж хомс болсон төдийгүй өнгөрсөн 100 гаруйхан жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн 75 хувь нэгэнт эргэж буцалтгүйгээр устаж үгүй болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг цаг алдалгүй хамгаалж, тэдгээрийг үр дүнтэй ашиглах замаар шинэ сорт хэлбэрүүдийг бүтээж газар тариалангийн үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэх явдал гэдгийг дэлхийн улс орнууд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг 2001 онд баталжээ. Энэхүү гэрээ нь 2004 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар дэлхийн 145 орон нэгдээд байна.

    Энэхүү гэрээний үндсэн зорилго нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай (CBD) уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангах явдал юм. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн санд одоогийн байдлаар 70 гаруй нэр төрлийн 22800 гаруй дээж хадгалагдаж, судалгаа шинжилгээний ажилд ашиглагдаж байна. 


Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, хүнс, тэжээлийн өндөр ач холбогдолтой шинэ таримал, генетик материалаар таримал ургамлын генийн санг баяжуулж, Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохиромжтой, бүтээмж өндөртэй шинэ сортуудыг бий болгох, дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг судалгаанд ашиглах боломж бүрдэх, ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэгийг хүртэх өргөн боломж нээгдэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн таримал ургамлын генетик нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, генетикийн нөөцийг бүртгэх, судлах, хадгалах, хамгаалах, доройтол, мөхлөөс сэргийлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлж, биотехнологийн бизнесийг хөгжүүлэх боломжуудыг нээх, гадаад улс орнуудтай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэнэ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл