Цэс

Холбоо барих

Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад зургаан хуулийн эцсийн найруулгыг сонсов. Дараа нь Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж, төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход чиглэж байгаа аж.  

Төслийн I шатны санхүүжилтийн хүрээнд уурын турбин, турбогенератор, турбины хяналт удирдлагын систем болон өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн нэг, хоёрдугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч төслийг 2018 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийтдээ 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд энэхүү нэмэлт санхүүжилтийн Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон байна.

Нэмэлт 5 сая еврогийн санхүүжилт нь “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 10 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.


Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд цаашид станцыг өргөтгөх шаардлага бий гэдгийг гишүүд хэлээд Засгийн газар энэ чиглэлээр ямар ажил төлөвлөж байгааг сонирхов. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг 10-15 жил найдвартай хангах нөхцөл бүрдэж байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлээд станцыг цаашид өргөжүүлэх нь байж болох шийдлийн хувилбар мөн гэв.

Ингээд Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 82.7 хувь нь дэмжин баталлаа. Иймд Улсын Их Хурлын дарга хуулийн эцсийн найруулгыг гишүүдэд уншиж сонсгов.

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа

Дараа нь Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцууллаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай юм. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Энэ 4 улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг урагшлуулах, хөгжлийн туршлага солилцох, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад тус дөхөм болох аж. Түүнчлэн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын олон талт механизмийн хүрээнд нийтлэг ашиг сонирхолынхоо төлөө харилцан дэмжиж, хамтран ажиллах боломжууд нэмэгдэх талтай хэмээн үзсэн байна. Иймд эдгээр улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Тогтоолын төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэн, санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм.


Иймд санал хураалт явуулахад Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.3 хувь нь, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 74.5 хувь нь, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 81.6 хувь нь, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 83.2 хувь нь тус тус дэмжив. Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дээрх тогтоолууд болон Хуулийн төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонссон. Чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, түүний үр дагавар цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл