АБГББХ:Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

  2021-03-31 16:32  58

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан 14 цаг 02 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцэж амжаагүй учраас уг асуудлыг түр хойшлуулав.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байх аж.


Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Т.Доржханд, Х.Баделхан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын Засгийн газар Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, цар тахлын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц импортлох, энэ чиглэлийн олон улсын хөтөлбөрт хамрагдаж ард иргэдээ вакцинжуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гарган хэрэгжилтийг эхлүүлж, бэлтгэл ажлыг бүх шатанд хангаж байна. Одоогоор зорилтот бүлгийн 290 мянга гаруй иргэнээ вакцинжуулалтад хамруулаад байна. Мөн вакцины татан авалтыг шуурхай хийхэд анхаарч, бүх боломж нөөцөө дайчлан ажиллаж байгааг дурдав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх вакцинжуулалтын төслийн хөрөнгийн 90 гаруй хувийг цар тахлын эсрэг вакцин худалдаж авахад зарцуулна. Уг санхүүжилтийг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталгаажуулаад байгааг Сангийн сайд тодотголоо.


Хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг вакцины асуудал яригдаад удаж байна, тодорхой ахиц байгаа ч хурдан шийдэж, яаралтай татан авч иргэдээ хурдхан вакцинжуулах хэрэгтэй, үүний зэрэгцээ зээлээ багасгахад Засгийн газар анхаарах шаардлагатай байна гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд цар тахлын эсрэг вакцин нь нэг удаа тариад өнгөрөх биш коронавирусийн халдварт цар тахал нь цаашдаа тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж мэдэхээр байгаа учраас дэд бүтэцдээ илүү сайн анхаарах хэрэгтэй байгааг хэлж байв.

Ингээд Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2021-03-31 15:49  58