Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-08-24 19:08 Уншсан: 368

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлж, олон нийтийн оролцоог хангахын тулд орон нутагт бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжил-арга зүйн туслалцаа үзүүлэн иргэдийн санал авахаар Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон долоо дахь баг наймдугаар сарын 14–27-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж байгаа билээ.


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр /наймдугаар сарын 24/ Орхон аймагт ажлаа эхэлсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал болон Тамгын газрын ажилтан Б.Гандулам, Г.Нарантуяа, С.Эрдэнэчимэг нар  ажиллаж байна.

Үдээс өмнө Орхон аймгийн Жаргалант сумын Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд, сумын гурван багийн Засаг дарга нар зэрэг 30 орчим хүн оролцлоо. Төсөл хэлэлцүүлэгч баг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд багцалсан зургаан сэдвийг тэдэнд дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Харин үдээс хойш сумын Соёл-мэдээллийн төвд болсон нийт иргэдийн хэлэлцүүлэгт 150 орчим хүн оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ. Энэ хэлэлцүүлэгт мөн Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир оролцсон бөгөөд тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын асуудлаарх дэд хэсгийг ахалж байгаа  юм.


Тус сумын хэмжээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь удаагаа хэлэлцэж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатар үг хэлэхдээ “Монголын өнөөгийн нийгэм Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеийнхээс нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд ихээхэн өөрчлөгдсөнөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбоотойгоор нийгмийн хөгжлийн шаардлагаар урган гарсан зургаан сэдвийн хүрээнд өөрчлөлт оруулж буй”-г тайлбарлалаа.

Үүний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах удаа дараагийн санаачилга хэрхэн гарч байсан, эдгээр өөрчлөлт ямар үе шат дамжин хянан боловсруулагдаж ирсэн талаар танилцуулав. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд нэг удаа, 1940, 1960 оны хуулиудад тус бүр 16 удаа, харин 1992 оны Үндсэн хуульд мөн нэг удаа, нийт дөрвөн Үндсэн хуульд 34 удаа өөрчлөлт оруулж байжээ. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан бөгөөд өнөөгийн байдлаар Улсын Их Хурлын Тамгын газар долоон төсөл хүргүүлээд байгааг тэрбээр дурдсан юм.


Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “...эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төр бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ  асууж байж шийдвэрлэнэ” хэмээн тусгасан байдаг. Мөн Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 9-нд баталсан бөгөөд түүнд зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан байна. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар иргэдийн түүнд итгэх итгэл, Үндсэн хуулийн хууль ёсны байдал улам нэмэгдэх учиртай аж. Иймээс Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулжээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтээр хэлэлцүүлж байгаагүй, ялангуяа 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийнхээ оролцоог хангаагүйгээс олон нийтийн нэрлэснээр “дордуулсан долоон өөрчлөлт” нэр зүүсэн. Ийнхүү үе үеийн парламент дамжин яригдаж, олон удаагийн тандалт судалгаа хийсний эцэст хоёр үе шаттайгаар зохион байгуулсан Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад Орхон аймгаас 30 гаруй хүн оролцсоныг Э.Түвшинжаргал дарга яриандаа тэмдэглэсэн юм.


Жаргалантын хувьд зам харилцаа, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, урд хойд хоёр хөрштэйгөө төмөр замаар холбогдсоны дээр төвийн эрчим хүчний системд холбогдсон сум. Сумдын түвшинд нэгдсэн байдлаар хоёр удаа хэлэлцүүлэг хийх ёстой бөгөөд Жаргалантынхны хувьд өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлууд байв. “Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн чанартай/-д, сум нь баг болон тосгонд ... хуваагдахаар, хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох”-оор төсөлд тусгасан байгаа. Эл заалттай холбоотойгоор олон хүн санал бодлоо илэрхийлэхдээ Эрдэнэт улсын чанартай хот болбол Жаргалант сум хороо болж өөрчлөгдөнө, ийм тохиолдолд сумын иргэдэд төрийн үйлчилгээ хүргэж байгаа өнөөгийн байгууллагууд хэрхэн өөрчлөгдөж, төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах эсэх, сумынхаа хилийн дээсийг тэлж, газар нутгаа өргөсгөх боломжтой эсэхийг лавлаж байв.

Эрдэнэт хот болсноор 1992 оноос хойшхи олон жилийн хүлээлт шийдэгдэж, ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь илүү тодорхой болно. Жаргалант сум хороо болж, одоо байгаа давхардсан бүтцүүд арилж, төрийн үйлчилгээ иргэддээ илүү сайн хүрдэг болно. Амьдрал дээр болж бүтэхгүй байгаа нь харагдаж байгаа учир одоо Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь нэгэнт болсон. Тиймээс иргэд хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож, саналаа хариуцлагатай өгөөрэй гэж Д.Дамба-Очир гишүүн захиж байлаа.

г

Жаргалант сумын иргэн Г.Мягмарсүрэн саналаа хэлэхдээ "Хууль батлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр учир дутагдалтай байгаа, орон нутагт ажлаа ил тод тайлагнадаг байгууллага байхгүй болсон" хэмээн шүүмжлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улаантолгой багийн иргэн Н.Тавхай хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах заалт оруулах, мөн багийн иргэн Н.Адьяа улс төрийн намуудын тухай заалтыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэсэн саналтай байв. 


Иргэдийн хамгийн гол санаа зовж байсан зүйл бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсноор аймгийн статусаас хотод шилжвэл эмч, багш, цагдаа зэрэг төрийн ажилтнуудад таван жил тутам олгодог нэмэгдлүүд байхгүй болно гэдэг асуудал байв. Ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Бямбасүрэн энэ талаар  эмзэглэж байгаагаа илэрхийлэхэд Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир багш нартай холбоотой асуудал дээр тэдэнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд “Ирэх есдүгээр сард багш нар таван жилийн нэмэгдлээ авах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Эрдэнэт урьдын адил хотын статустай болж, Жаргалант сум болон багууд хороо болно, тэгэхээр энэ нэмэгдэл байхгүй болох ч багш нарын нийгмийн баталгааг хангах, орлогыг нь бууруулахгүй байхад анхаарч, хуулинд тодорхой заалт оруулах замаар одоо авч байгаа нэмэгдлийг нь өөр заалтаар орлуулж өгнө” гэлээ.


Харин Улсын Их Хурлын ахмад ажилтан Р.Хатанбаатар энэ асуудлыг тодруулж “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орвол түүнийг дагаад маш олон хуульд өөрчлөлт орох тул төсөл батлагдсан тохиолдолд дээрх асуудлууд 2020 оноос яригдаж, Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиараа зохицуулагдана. Ийнхүү хэрэгжих хугацааг хойшлуулж заасан нь эдгээр дагалдах хуульд өөрчлөлт оруулах хугацаа олгож буй хэрэг гэдгийг тайлбарлав.



УИХ-ын Тамгын газраас томилсон долоон баг 2017 оны долдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн есөн дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажил үндсэндээ өндөрлөж байна. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд зургадугаар сарын 5-наас эхлэн саналаа ирүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Төсөл хэлэлцүүлэгч багийнхан иргэдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой мэдээлэл бүхий гарын авлагаар хангаж, сургагч багш нарыг бэлтгэснээр сургагч багш нар нь дараа дараагийн шатны хэлэлцүүлгийг сум, багтаа зохион байгуулж иргэдийнхээ саналыг авах юм. Иргэд мөн гар утасны аппликейшн ашиглах юм уу Parliament.mn сайтаар орж саналаа цахимаар өгөх боломжтой. Үүнээс гадна Монгол шуудан компанийн сум, орон нутаг дахь бүх салбараар саналын хуудас тараасан бөгөөд иргэд тэндээс саналаа үнэ төлбөргүй илгээж болох юм.

Монгол Улсын суурь, эцэг хууль болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл  хэлэлцүүлэгч тус баг маргааш Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой зургаан сэдэв болон бусад сэдвийн хүрээнд иргэдийн саналыг нээлттэйгээр авах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тодруулга

Монгол орон даяар атрын II аян зохион байгуулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны долдугаар сарын 30-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор Эрдэнэт хотын хүн амыг төмс, хүнсий ногоо, сүүгээр хангах Улаантолгойн сангийн аж ахуйг байгуулжээ.

1976 оны 11 дүгээр сарын 22-нд ХААЯ-ны холбогдох албан тушаалтнууд, Булган аймгийн Ингэттолгой болон Улаантолгойн сангийн аж ахуйн удирдлагууд оролцсон хоёр талын комисс байлцан Ингэттолгойн сангийн аж ахуйн харьяа Улаантолгой дахь тасгийн үр тарианы бргигадын барилга байгууламж, техник хэрэгслийг хүлээлцэн, тэнд ажиллаж байсан тариаланч, механикжуулагчдыг шилжүүлэн авсан байна.

1976-1978 онд Улаантолгойн сангийн аж ахуй нь ашиглалтын өмнөх гүйцэтгэх захиргаа хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1978 оны нэгдүгээр сарын 30-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хотын Жаргалант хороо болгон зохион байгуулагджээ.


Үүсгэсэн: 2017-08-24 19:08

Хуралдааны тов