Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэллээ

  2020-01-21 21:29  412
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөр болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки үүрэгт ажлаа хүлээн авсантай холбоотой  хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2020.01.21/ боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цаг үеэс эхлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт Япон Улсын Засгийн газар, ард түмэн тасралтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Монголын төр засаг талархаж байдгийг онцлоод, УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад айлчлал хийх явцдаа Парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхээр тохирилцон ажиллаж байгааг дурдлаа. Түүнчлэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 9 жилийн дараа Монголд айлчилж, хоёр улсын Стратегийн түншлэлийг бататгаж, хөгжлийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэхэд таатай байна хэмээлээ.

Үүнээс гадна хоёр улсын томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлын төслийн менежментийн концессын гэрээ хүчин төгөлдөр болж, Монгол, Японы сургалтын эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг тодотгосон юм.

Элчин сайд Кобаяши Хироюки Монгол дахь Элчин сайдын яам болон Токио дахь Гадаад хэргийн яаманд 10 орчим жил 2 орны харилцааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн туршлагатай юм. Японы Үндэсний Их баяр болох Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Япон, Монголын харилцааг цаашид хөгжүүлэн, тасралтгүй үргэлжлүүлэх үндэс суурийг тавихын төлөө ажиллаж, өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа дурдлаа. Мөн 2020 оны Токиогийн олимп, Паралимпийн наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна хэмээлээ гэж  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  2020-01-21 21:21  412