Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-06-30 13:06 Уншсан: 585

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ оны 02 дугаар сарын 09-ний нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулан 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилтын үүднээс “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн хамгааллын тухай хуулийг тус тус баталж хэрэгжүүлэхээр тусгасны дагуу Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэл хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгохоор тусгажээ. Тухайлбал, төсөлд тусгагдсан жирэмсэн эхэд сар бүр 40 мянга, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өор толгойлсон эцэг,эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олохоор тусгасныг Байнгын хороо бүхэлд нь дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасны дагуу хүүхэдтэй эхчүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж үзүүлж дэмжлэг үзүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэгдэж байгаа. Мөн улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдуулан залуу эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт хийсэн байгаа. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэлийг гэртээ хэрэгжүүлэх үүднээс хөнгөлөлттэй зээл олгохоор зохицуулж байгаа гэдгийг хэллээ. Харин Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хуулийн нэрийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэж өөрчлөх асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэж шийдвэрлэх боломжтой. Энэ хуулийн төсөл нь зөвхөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдээс гадна 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг бас хамаарч байгаа гэсэн хариулт өгсөн юм.


Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн “0-3 насны” гэснийг “0-3 хүртэлх насны” гэж тохиолдол бүрт нь өөрчлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхэд төрүүлэн өсгөж байгаа” гэснийг “хүүхэдтэй” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгийн “асран хамгаалагч” гэснийг “хууль ёсны асран хамгаалагч” гэж тус тус өөрчлөхөөр болов. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй” гэж өөрчлөхийг дэмжлээ. Харин төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “төрүүлсэн” гэснийг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасан мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өрхөөс амьжиргааны түвшин нь 80 хүртэлх хувьд багтах өрхийн” гэж өөрчлөх саналаа Ажлын хэсэг татаж авсан юм.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр шилжүүлллээ.          

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат танилцуулав.

Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байгаа аж.


Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 23 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн. Одоо Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 152 хороотой, хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 байгаа агаад нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь манай улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувь нь юм. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлж тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая буюу манай улсын нийт хүн амын 46.8 хувьд хүрээд байгаа аж.

Дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Мөн Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Нөгөө талаас 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт нь сүүлд батлагдсан зарим хуулийн зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгож байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн удирдлагаас нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, нийслэлийн бүх нөөц, бололцоо, төр, захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг энэхүү зорилтыг хангахад чиглүүлж удирдах; суурин соёл иргэншлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, урлаг, соёлын төв Улаанбаатар хотыг үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэх; хот байгуулалт, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг ханган хөгжлийн тогтвортой орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах; төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, төвлөрлийг сааруулах, оновчтой бүтэц, зохион байгуулалтын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, хотыг бүсчлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн төвд байршиж байгаа төр, захиргааны байгууллагууд /яамдууд болон Засгийн газрын агентлагууд, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, зарим дүүргийн Засаг даргын Тамгын газар гэх мэт/-ыг үе шаттайгаар дагуул хот, дэд төвүүд рүү шилжүүлэн байршуулах ажлыг удирдан зохион байгуулах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.

Мөн нийслэлийн удирдлага, зохицуулалтын үндсэн зарчмыг шинээр томьёолж тусгасны зэрэгцээ нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмж оруулсан байна. Ингэснээр нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчдад тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод, бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудпыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгасны зэрэгцээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.     


Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Ц.Цогзолмаа, Х.Болорчулуун, Д.Цогтбаатар, Д.Эрдэнэбат, Б.Батзориг, З.Нарантуяа, Д.Сумъяабазар, Ж.Ганбаатар, Л.Болд, М.Билэгт, Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хотын төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийн төр, захиргааны болон төрийн захиргааны зарим байгууллагыг дагуул хот болон дэд төвүүдэд нүүлгэн байршуулахаар төсөлд тусгасан. Нийслэлийн дагуул хот болон нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг тодорхой хугацаанд тодорхой хувиар хөнгөлөх, нийслэлийн дагуул хотод байнгын үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй аж ахуйн нэгжид ажилладаг, тус хотын байнгын оршин суугчийн цалин хөлс, шагнал, урамшуулалд ногдуулах орлогын албан татварыг хөнгөлөх зэрэг зохицуулалтыг зааж өгсөн.

Дагуул хотын эрх зүйн үндсийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна. Харин нийслэлийн дэд төвүүдийг байгуулах асуудал хийгдэж байгаа, энэ ондоо багтааж хоёр дэд төвийг байгуулна. Төсөлд дүүргийг эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд аймагтай, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэхээр тусгасан. Ингэснээр дүүргийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практикийг өөрчилж, нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх эерэг талтай гэж үзэж байгаагаа хэллээ.


Мөн нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хоёр дүүрэг болгож задлах боломжийн талаар судалгаа хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Ингэж байж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймээс энэ талаархи судалгаа тооцоо гарсны дараа асуудлыг Улсын Их Хуралд өргөн барьж шийдвэрлүүлнэ. Түүнчлэн хотын төвийн газрыг дахин төлөвлөх чиглэлээр тодорхой алхам хийгдэж эхэлж байгаа. Хотын төвийн 800 орчим барилга байшингийн ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Иймээс хотын төвийн газрыг дахин төлөвлөх чиглэлээр одоогоор 12 байршлын 78 барилгад тендер зарлагдаж барилгын компаниуд ажлаа эхэлсэн гэдгийг хэлж байв. Хотын төсөв санхүүгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх үүднээс хот үнэт цаас, бонд гаргах эрхтэй байх зохицуулалтыг төсөлд тусгасныг дурдлаа.

Харин Засгийн газрын гишүүн, сайд Ж.Мөнхбат хуулийн төсөлд Нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрын гишүүний статустай байх зохицуулалт тусгагдсан. Дэлхийн бусад улсад ч ийм жишигтэй гэдгийг тодотгосон юм.

Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Сумъяабазар, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 47 нь буюу 77 хувь нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


Үүсгэсэн: 2017-06-30 13:06

Хуралдааны тов