Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.16) хуралдаан 16.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл–ийн эцсийн хэлэлцүүлэг болон Засгийн газраас 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл–ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав.
Эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг хийв. Танилцуулгадаа, “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн санал тус бүрийг төсөлд нэмж тусгасан. Тухайлбал, тогтоолын төслийн 2.1 дэх заалтыг “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх” гэж өөрчлөн найруулсныг төсөлд нэмж тусгалаа. Мөн төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшнийг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Засгийн газарт, инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр дэмжин ажиллахыг Монголбанканд тус тус даалгасныг тогтоолын төслийн 3, 4 дүгээр заалтууд болгон нэмж тусгалаа. Түүнчлэн, тогтоолын төсөлд зарим үг, үсгийн болон найруулгын шинжтэй засваруудыг хийсэн болно” гэлээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд цар тахлаас үүдэлтэй хил, гаалийн асуудал богино хугацааны хүндрэл биш гэдэг нь харагдаж байна. Тиймээс инфляцын зорилтоо хангаж чадах эсэх дээр эргэлзэж байна, ямар төсөөлөлтэй байна вэ гэсэн асуудлыг тодруулав. Мөн ХААН банкны хувийг худалдаж авсан асуудлын талаар тодруулж, хариулт авсан. Гишүүдийн асуултад Монголбанкны удирдлагууд болон тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нар хариулт өглөө.
Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дараа нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл–ийг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.