Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.05.06) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулсан юм.
Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан боловсруулсан. Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөлөлд өмнөх жилүүдийн нэгэн адил уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспортын биет хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр хамааралтай хэвээр байхаар байна. Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Энэ үндсэн дээр дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон талаар төслийн танилцуулгад дурдсан байна.
Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын төсөөлөлд үндэслэн төсвийн тэнцлийн зорилтот түвшнийг харгалзан нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2022 онд 14,852.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь, 2023 онд 15,925.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 31.6 хувь, 2024 онд 17,113.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 29.6 хувьд хүрэхээр тооцож төсөөлжээ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд урсгал зардлын дээд хязгаарыг ДНБ-д эзлэх хувь хэмжээтэй харьцуулж тооцвол 2022 онд 24.8 хувь, 2023 онд 24.0 хувь, 2024 онд 22.0 хувьтай тэнцэхээр тооцжээ.
Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Улсын Их Хурал, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.
Дунд хугацаанд Засгийн газар ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийн хумих замаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ үндсэн дээр дунд хугацаанд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид үзүүлсэн үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлдэг, “Зарцуулсан нэг төгрөг бүр үр ашигтай байдаг, цахим, ил тод төсвийн зарлагын шинэчлэл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ зарчмын дагуу “Халамжаас-Хөдөлмөрт шилжих” бодлогыг дэмжсэн тогтолцооны өөрчлөлтүүд хийх, хүртээмжийн хувьд тэгш, шударга, санхүүжилтийн хувьд урт хугацаанд тогтвортой нийгмийн даатгалыг бий болгоход чиглэсэн тогтолцооны өөрчлөлт хийх, нийгмийг соён гэгээрүүлэх бодлогын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн талаар танилцуулгад онцолжээ.
Түүнчлэн төсвийн зарлагын чиглэлд дорвитой шинэчлэл шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд төрийн байгууллагын санхүүжилтийг цагийн бүртгэлээр бус хийснээр нь, цаасан тайлангаар бус бодит үр дүнгээр нь, нийлүүлсэн тоогоор бус хүрсэн чанараар нь тооцдог болно. Энэ үүднээс эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдгийг илтгэгч онцолсон юм.
Макро эдийн засгийн 2022-2024 оны төсөөллийн тухайд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорьж байна. Оюутолгойн далд уурхай, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, “Залуус” I, II, III хороолол, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, барилга, угсралтын ажил эрчимтэй явагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараагаар дэлхийн эдийн засаг, ялангуяа, манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засаг хурдтай өсөхөөр байна. Энэ нь манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт, үнэ тогтвортой, өндөр байх нөхцөл бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.
Харин инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2022-2024 онд 6 орчим хувьд байхаар байна. Дунд хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж, эдийн засгийн идэвхжил сэргэх хандлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хүү багатай, хямд эх үүсвэртэй зээл олгохын зэрэгцээ гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, бараа нийлүүлэлт, татан авах үйл явц хялбар, шуурхай болж, бизнесийн зардал буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт буурах төлөвтэй байгааг танилцуулгад дурдсан байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж цахимаар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн холбогдох заалт, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5, 6, Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж үзсэн байна.
Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасныг; мөн тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар хариулт өгсөн юм. Тухайлбал, Байнгын хорооны дарга С.Бямбацогт хариултдаа, цэцийн хуралдааны тов зарлагдсан үед хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр удаа тавьсан боловч цэц хүсэлтийг хүлээж авалгүйгээр хуралдаж шийдвэрээ гаргасан. Энэ нь цэц маргааныг хянан хэлэлцэхдээ талуудын эрх тэгш байдлыг хангаж, мэтгэлцэх, тайлбар мэдээллийг сонсох бололцоог бүрдүүлсэн байх зарчмыг алдагдуулахад хүргэсэн байна. Энэ тухай Байнгын хорооны хуралдаанд яригдаж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн гэлээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 9-нд цэцэд гаргасан. Харин бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн энэ шаардлагаасаа 2021 оны гуравдугаар сарын 11-нд татгалзаад зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хуралдаад 03 дугаар дүгнэлтийг гаргасан байна.
Хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа учраас хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хоёр удаа тавьсан ч цэц хүлээн авалгүй дунд суудлын хуралдаанаа хийж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаагүй, тайлбарыг бичгээр хүлээн аваагүй. Энэ нь талуудад мэтгэлцэх боломж олгох, тэгш оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Цэц дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж байна гэж үзжээ. Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй байна гэж үзсэн явдал юм.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалтаа хайхарч үзээгүй, ойлгоогүйд харамсаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна гэдэг нь хэн нэгэн нэр дэвшүүлж болохгүй гэсэн агуулгатай. Зөвхөн иргэд өөрсдөө нэрээ дэвшүүлнэ, түүнд тулгуурлан сонгон шалгаруулалт явуулна, Байнгын хороо томилгооны сонсгол хийнэ. Энэ бүх ажиллагаа нь хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтийн өргөн оролцоотой явагдана. Эцсийн шатанд сонгон шалгаруулалтаар шалгарсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал хэлэлцэж томилох хуулийн зохицуулалттай гэдгийг хэллээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хуралгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.