Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 11 дэх дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 11 дэх дугаарт Төрийн болон албаны нууцын тухай хуулийг нийтэлсэн байна.

Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.

Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах зарчим, төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг үүрэг, төрийн болон албаны нууцыг өмчлөх, гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэх асуудлыг хуульд хэрхэн тусгасан талаар хууль тогтоомжийн эмхэтгэлээс танилцах боломжтой.

Түүнчлэн төрийн нууцад хамааруулах мэдээлэл, мэдээллийг нууцлах, төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл, төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаарх мэдээллийг “Төрийн мэдээлэл”-ээс авах болно.

Хууль тогтоомжийн эмхэтгэлд мөн дээрх хуулийн хамт батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгууллагын нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 23 хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Төрийн болон албаны нууцын тухай хууль баталсантай холбогдуулан Төрийн нууцын тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан онц чухал-маш нууц, маш нууц, нууц зэрэглэлд хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг Төрийн болон албаны нууцын тухай хуульд нийцүүлэн нууцын зэрэглэлийг шинэчлэн тогтоохтой холбогдсон арга хэмжээг зохион байгуулах ажлыг Тагнуулын ерөнхий газарт УИХ-ын тогтоолоор даалгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл