Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн Д.Батлут болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар Орхон аймгийн ахмадын төлөөлөлтэй уулзаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцжээ.


Уулзалтын үеэр Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Батлут нар Нийгмийн бодлогын байнгын хорооноос авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар танилцуулсан байна.

Энэ үеэр Орхон аймгийн ахмадуудын төлөөллөөс тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмдэг байх, ахмадууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх үйлчилгээг нэвтрүүлэх, 24 цагаар ажиллах төв байгуулах, ахмадын түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ахмадын эрүүл мэндийг дэмжих асуудлаар саналаа илэрхийлжээ.



Ажлын хэсэг үргэлжлүүлэн Хөвсгөл, Увс аймагт ажиллаж ахмадуудын төлөөлөлтэй уулзаж, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцана.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл