ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2018.01.01-07/

  2018-01-08 09:50  417

 

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх" үүрэг бүхий Ажлын хэсгийн нээлттэй хуралдаан Төрийн ордонд боллоо. 2018.01.03


УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр боллоо. 2018.01.03


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2018.01.03


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 2018.01.04


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ. 2018.01.04


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өргөн мэдүүлэв. 2018.01.04


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 2018.01.04


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.01.05


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы шинэ оны анхны нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.01.05


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүлэв. 2018.01.05


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан болж Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дахин хэлэлцэв. 2018.01.05


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2018.01.05


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүдийн 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 2018.01.05


Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат Төрийн ордонд эхлэв. 2018.01.06


Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн юм. Эрэгтэй 91 шатарчнаас Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-иас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн боллоо. 2018.01.07


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2018-01-08 09:50  417