Н.Содномдорж: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь дэмжиж байна

  2017-08-24 16:44  245

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах, олон нийтийн санал, бодлыг шийдвэр гаргагчид сонсох зорилготой ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.24) нийслэлийн Чингэлтэй дүүрэгт боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ болон тус дүүргийн 1-19 хорооны төлөөлөл болсон 224  иргэн, олон нийт оролцов.



Хэлэлцүүлгийг нээж Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг энэ удаагийнхаар хязгаарлагдахгүй, цаашид үргэлжилнэ. Улсын Их Хуралд уг төслийг өргөн мэдүүлэх хүртэл иргэд, та бүхэн саналаа өгч болно. Иймд хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож,  төслийн талаар тодорхой мэдээлэлтэй болохыг хүсье” гэж байлаа.




Улсын Их Хурлын  гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээ “Өнөөдөр төрийн гурван институт буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хяналт, тэнцэл алдагдаад байна. Энэ нь эргээд улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлж аливаа асуудалд хариуцлага тооцох эзэнгүй болгосон. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, иргэд та бүхэнд танилцуулж, санал бодлыг тань сонсч байгаа юм. 1992 оноос хойш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг анх удаа ард түмнээрээ хэлэлцүүлж байгаа учир иргэд, та бүхний санал бүхэн чухал. Иймд энэ асуудалд нямбай, ултай суурьтай хандаж санал, бодлоо илэрхийлээрэй” гэдгийг онцлов.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэхүү төсөлд тусгагдсан сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Иргэдийн зүгээс баг, хороо, тосгоны Засаг даргыг шууд томилохдоо ямар шалгуур тавих, мөн төсөлд иргэдийн Нийтийн Хурлын үүрэг, оролцоог хэрхэн зохицуулсан, Улсын Их хурлын гишүүний төсөв санаачлах эрхийг хассан шалтгаан, Улсын Их Хурал хянан шалгах түр хороо байгуулах болсныг илүүтэй тодруулж байв.

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй болон УИХ-дахь нам, эвслийн бүлэг уг хороог байгуулах саналыг албан ёсоор  тавибал Улсын Их Хурал дахь олонхи цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгөөр УИХ-ын дарга түр хороо байгуулна гэж тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтны хээл хахууль, нийгмийн ашиг сонирхол хөндсөн ноцтой асуудлаар УИХ хяналт шалгалт хийнэ гэж хариулж байлаа. Мөн Улсын Их Хурал улсын төсөв хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэж төсөлд тусгасан байгаа. Энэ нь Улсын Их хурал төсвийн хуулийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих боломжийг хангах, Засгийн газар төсвийн  гүйцэтгэлийг бүрэн хариуцахад чиглэсэн юм. Улсын Их Хурлын гишүүд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх явцад зардлын шинэ төрөл үүсгэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг сөрөг тал гарсаар байгаа. Үүнийг зохицуулахаар дээрх асуудлыг тусгасан гэсэн хариулт өгөв. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудал хөндөгдөөгүй. Харин баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж өөрчилсөн байгаа. Баг, хороо, тосгоны Засаг даргыг томилох шалгуурыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал холбогдох хуулийн төслүүдэд нарийн тусгаж, зохицуулах шаардлагатай болно хэмээн хариулж байлаа.

      

  Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн насны босгыг өндөрсгөх, мэдлэг боловсрол, туршлага зэргээр тодорхой шалгуур тавих, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, давхар дээлний асуудлыг хориглох, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, нийслэлийн дүүргүүдийн статусыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн, шинжлэх ухааны доктор, профессор Н.Содномдорж “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, парламентын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульдаа тодорхой зааж өгмөөр байна. Ингэснээр Засгийн газар байгуулах бүртээ яамдын тоог дураараа нэмж, хасдаг асуудал цэгцэрнэ. Мөн Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг асуудлыг болих хэрэгтэй” гэж байсан бол Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Уламбаяр “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгомоор байна. УИХ-д 35-аас дээш насны хүн нэр дэвших заалт оруулах саналтай байна. Засгийн газрын гишүүнээр ажиллах сайдуудад ч төрийн албанд болон тухайн салбартаа ажилласан жил, туршлагаар  шалгуур тавимаар байна” гэж байлаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг дүүрэг, хэсэгтээ үргэлжлүүлэн зохион байгуулах дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 78 сургагч багш нарыг бэлтгэж, ном, гарын авлагаар хангалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2017-08-24 16:44  245